Манай улсын хэмжээнд нийтдээ 548 дотуур байранд 32 мянга гаруй хүүхэд амьдарч байна. Эдгээр хүүхдүүдийн 80-аас дээш хувь нь малчдын хүүхдүүд байна. Бүтэн жилийн есөн сард нь эцэг эх, гэр бүлээсээ хол амьдарч суурь боловсрол эзэмшиж буй малчдын хүүхдүүдийн хувьд дотуур байр тэдний хоёр дахь гэр болдог байна. Тэгвэл тэдний зарим нь наад захын шаардлага хангаагүй дотуур байранд амьдарсаар байна.
Улсын хэмжээнд байгаа дотуур байруудын дийлэнх нь гаднаа жорлонтой, ус хангамж, ариун цэврийн байгууламж шийдэгдээгүй байна. Мөн зарим аймаг сумдын дотуур байрны барилга зориулалтын бус засвар хийх шаардлагатай байна. Үүний нэг жишээ нь Булган аймгийн Дашинчилэн сумын дотуур байр анх зам тээврийн зориулалтаар баригдаж байсан барилга. Тус сумын дотуур байр 58 хүүхдийн ортой ч 70 гаруй сурагч амьдарч байна.
Хүний эрхийн үндэсний комиссоос дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн эрх хангагддаг эсэх судалгаа хийсэн бөгөөд дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа дүгнэлт гаржээ. Манай улсад дотуур байрны орчинд тавигдах шаардлага, хүүхэд хамгааллын бодлого, дүрэм, журам хангалттай байдаг ч хэрэгжилт муу байна гэдгийг ХЭҮК-ээс хэлж байлаа.
Орон нутагт суралцаж буй малчин өрхийн хүүхдүүд чанартай боловсрол эзэмшихэд дотуур байрын үйлчилгээ чухал нөлөөтэй. Тиймээс цаашдаа дотуур байрны сурагчдын амьдарч, сурч хөгжих орчныг бүрдүүлж, хүүхдийн эрхийг дээдэлсэн, тэдний сэтгэл хангалуун, амжилттай сурч хөгжих нөхцөл боломжийг бүрдүүлэх шаардлагатай байна.