Цахилгаан автомашины борлуулалт нэмэгджээ

Дэлхий дахин нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг тэглэх зорилт дэвшүүлээд байгаатай холбоотойгоор цахилгаан тээврийн хэрэгсэл хэрэглэгчдийн анхаарлыг ихээр татаж байгаа юм. Тэгвэл Хойд Америк болон Европ, Азийн орнуудад цахилгаан автомашины борлуулалт энэ оны эхний 10 сарын байдлаар өссөн үзүүлэлттэй байна. 

Автомашин үйлдвэрлэлийн салбарын “Markline” судалгааны байгууллагын мэдээллээс харвал, БНХАУ-д 2021 оны эхний 10 сарын байдлаар 1.5 сая орчим цахилгаан тээврийн хэрэгсэл борлуулагдсан нь шинэ автомашины борлуулалтын 4.9 хувьтай тэнцжээ. Европын хувьд 750 мянга гаруй автомашин зарагдсан буюу нийт борлуулалтынх нь 5 хувьтай тэнцэж байгаа бол АНУ-д энэ үзүүлэлт 3 хувьтай байгаа юм. 

Өнгөрсөн онд "Ковид-19”-ийн халдварын улмаас дэлхийн олон орон, бүс нутагт автомашины борлуулалт буурсан. Харин Хятадад цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс 14 хувиар, Европ, АНУ-д хоёр дахин нэмэгджээ. Хятад, Европ, АНУ-д цахилгаан автомашины борлуулалт нэмэгдэж байгаа нь ийм тээврийн хэрэгслийн зах зээлд манлайлах зорилт дэвшүүлээд байгаа тухайн орнуудын засаг захиргааных нь хүчин чармайлтын үр дүн гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна. Цахилгаан автомашин худалдан авсан хэрэглэгчдийг татвараас чөлөөлж, автомашин үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлж байна.