БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нарын дээд хэмжээний цахим уулзалт өнгөрөгч мягмар гарагт болж өнгөрсөн. Гурван цаг гаруй үргэлжилсэн уулзалтын үеэр хоёр орны удирдагчид олон асуудал дээр санал бодлоо солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ амласан хэдий ч бодит шийдвэрт хүрээгүй гэж шинжээчид дүгнэсэн байна.
Шинжээчид үүсээд байгаа маргаантай, чухал асуудлуудыг онцолжээ. Үүнд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены БНХАУ хүний эрхийг зөрчсөн үйлдэл удаа дараа гаргаж байгаад сэтгэл дундуур байгаа, худалдаа, эдийн засгийн шудрага бус бодлого баримталж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлснийг онцолж байлаа. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин “АНУ Тайваний арлын салан тусгаарлах үзэлтнүүдэд дэмжлэг үзүүлж байгаа нь “галаар тоглож” байгаа явдал, дэлхийг хоёр хэсэг болгон хуваах гэсэн оролдлогоо зогсоо” хэмээн анхааруулсныг шинжээчид онцолжээ. Түүнчлэн уулзалтын дараа хоёр орны төрийн тэргүүнүүд хамтарсан мэдэгдэл хийгээгүй бөгөөд тэдний хоорондын зөрчилдөөн гүнзгийрсэн болохыг улс төр судлаачид мэдэгдсэн байна. Тайванийн арлын ирээдүй, өмнөд Хятадын тэнгисийг цэрэгжүүлж байгаа үйл явдал, АНУ-Хятадын худалдаа, эдийн засгийн маргаан зэргээс үүдэлтэй олон асуудалд санал зөрөлдөж байгаа энэ үед АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден санаачилга гаргаж уулзалтыг зохион байгуулсан. Харамсалтай нь хоосон амлалт, хариултгүй асуултаар дүүрэн уулзалт болсон гэж АНУ-ын Бүгд найрамдах намын сенатууд мэдэгдсэн байна.