16 аймаг 174 голомтод малын өвчин бүртгэгдсэн үед Нийслэлд эрүүл мах нийлүүлэгдэх боломжгүй гэв

Мах бэлтгэлийн үе үргэлжилж байгаа энэ үед малын өвчлөл, махны эрүүл ахуйн асуудал хурцаар тавигдаж байна. Үүнтэй холбоотой тоон мэдээлэл хүргэе.

---Манай улсад өнөөдрийн байдлаар малын шүлхий өвчин 16 аймгийн 174 голомтод бүртгэгдээд байгаагаас 99 голомт идэвхтэй байгааг салбар яамнаас мэдээлсэн.

---Гэсэн ч энэ нь зөвхөн оношлогдсон өвчлөл бөгөөд үүний цаана өөр олон голомт байгаа юм. Сүүлийн 20 гаруй жил зүүн аймагт малын гоц халдварт өвчин тасралтгүй бүртгэгдсэнийг зарим мэргэжилтнүүд хэлж байна.

---12 сарын хугацаанд малын гоц халдварт өвчин бүртгэгдээгүй бол эрүүл бүс нутагт тооцогддог ч манай улсад одоогоор махны экспорт тасралтгүй явуулах боломжтой эрүүл бүс нутаг байхгүй байгаа юм.

---Манай улс жилд 600 тонн мах бэлтгэдэг. Үүний дийлэнх нь хүн амын 50 хувь оршин суудаг нийслэлд нийлүүлэгдэж байна.

Өвчин бүртгэгдсэн газруудаас мах бэлтгэхгүй гэж мэдээлж байгаа ч Хэнтий, Сүхбаатар, Дундговь зэрэг аймгийн зарим сумдаас мал нядалгааны цэгүүдэд малчид хувь худалдаачид малыг амьдаар нь авчирж борлуулж байгаа бол зүүн аймгуудаас томоохон захуудад мах нийлүүлэгдэж байгааг газар дээр нь ажиллаж байгаа хүмүүс хэлж байна. Захын малын эмч гарал үүслийн гэрчилгээгүй мах авдаггүйг хэлж байгаа ч тус бичгийг орон нутагт малчид малын эмчээс хялбархан авдаг нь нууц биш болсон. Харин энэ асуудал сүүлийн үед багассан гэдгийг мэргэжилтэн хэлж байна. Манай улс голомт бүртгэгдсэний дараа вакцин хийж малын өвчний эсрэг арга хэмжээ авдаг. Өвчний голомт бүртгэгдсэн сумдын нэг болох Ховд аймгийн Дарви суманд вакцины ажил 85 хувьтай үргэлжилж байгааг аймгийн мал эмнэлгийн газраас мэдээлж байна.

Тэгвэл манай улс малын өвчинтэй зөв тэмцэж чадаж байна уу? Энэ асуултад мэргэжилтнээс хариулт авахад бид буруу арга замаар тэмцэж байгаа учраас өнөөдрийг хүртэл эрүүл бүс бий болгож чадахгүй байгааг хэлсэн юм. 

Мах нь Монгол улсын стратегийн голлох хүнс тул малын өвчин махны эрүүл ахуй нь ард иргэдийн хүнсний аюулгүй байдлын хамгийн чухал асуудал юм. Тиймээс өвчин бүртгэгдсэн аймаг орон нутгийн хөл хорио, хяналт шалгалтыг сайжруулах, захуудад нядалсан мах нийлүүлэх ажлын стандарт нормыг чангатгах шаардлагатай байна.