Беларусийн хил дээрээс Иракийн дүрвэгсдийг нутаг буцааж эхэлжээ

Иракийн эрх баригчид Беларусийн хил дээр гацсан 300 гаруй иргэнээ эх оронд нь авч ирлээ гэж тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ахмед Ас-Сахаф мэдэгджээ. Түүний мэдэгдсэнээр, Иракийн цагаач иргэдийг эх оронд нь авчрах ажлыг Беларусийн эрх баригчидтай зөвшилцсөний дагуу зохион байгуулсан байна. 

"Минскээс энэ пүрэв гарагт хөөрсөн онгоц Иракийн Курдистаны нийслэл Эрбил хотод завсрын буулт хийснийхээ дараа багдад хотод" газардлаа гэж Аль-Сахаф нэмж хэлжээ. Иракийн эрх баригчид цаашид ийм нислэгүүд хийх эсэх, Иракийн хэчнээн иргэн эх орондоо буцах хүсэлтэй байгаа талаар нэмэлт мэдээлэл өгөөгүй байна. Иракийн 200 иргэн эх орондоо буцах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн бөгөөд энэ тоо нэмэгдэж магадгүй гэж Беларусьт суугаа тус улсын Элчин сайдын яам энэ мягмар гарагт мэдээлсэн юм. Элчин сайдын яамны төлөөлөгчийн хэлснээр, эх орондоо ирэх хүмүүсийн дунд эмэгтэйчүүд, хүүхдүүд, гэрлэсэн хосууд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко, Германы канцлерын үүрэг гүйцэтгэгч Ангела Меркель нар энэ долоо хоногт хоёр дахь удаагаа утсаар ярьж, хил дээр үүссэн дүрвэгсдийн хямралын талаар хэлэлцсэн юм. Энэ талаар Беларусийн ерөнхийлөгчийн хэвлэлийн алба "Телеграм" сүлжээн дэх хуудсандаа мэдээлжээ. Талууд Беларусь болон Европын холбооны төлөөлөгчдийн оролцоотойгоор "нэн даруй" хэлэлцээ хийхээр тохиролцсон байна.