АНУ “Пфайзер-Бионтех” компанийн үйлдвэрлэсэн эмнээс 10 сая тунг худалдаж авна

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Пфайзер-Бионтех” компанийн үйлдвэрлэсэн “Ковид-19”-ийн халдварын эсрэг дотуур ууж хэрэглэх эмнээс 10 сая тунг худалдаж авах гэрээг тус компанитай байгуулсан гэдгээ мэдэгджээ. Гэхдээ АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас уг дотуур ууж хэрэглэх эмд зөвшөөрөл олгосны дараа худалдан авах гэрээ бүрэн төгөлдөр хэрэгжинэ гэдгийг дурдсан байна.

Цагаан ордны хэвлэлийн албанаас Хүнс, эмийн чанарын хяналтын газар энэ эмэнд зөвшөөрөл олгосон тохиолдолд эмчилгээг хүртээмжтэй, үнэ төлбөргүй байлгах нөхцөлийг бүрдүүлэхээр манай засаг захиргаа ажиллаж байна хэмээн мэдэгджээ. Тэгвэл “Пфайзер-бионтех” компани АНУ-ын засгийн газар “Паксловид” эмийг худалдан авахад 5 тэрбум гаруй ам.доллар зарцуулахаар болсон тухай мэдээлжээ.. Тус компани энэ сарын эхээр явуулсан эмнэлзүйн туршилтынхаа үр дүнгийн тайланг Хүнс, эмийн чанарын хяналтын газарт илгээсэн бөгөөд уг эм нь “Ковид-19”-ийн халдварын улмаас өвчлөл хүндрэх болон амиа алдах эрсдлийг 89 хувиар бууруулж байгааг хэдийн тогтоочихоод байгаа юм.  АНУ-ын эрдэмтдийн зөвлөл энэ сарын сүүлээр хуралдаж дотуур ууж хэрэглэх эмэнд зөвшөөрөл олгох эсэх дээр санал солилцохоор болсон байна. 

Тэгвэл Их Британийн Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын газраас гэрээр ууж хэрэглэх боломжтой “Мерк” болон “Пфайзер-Бионтех”-ийн эмнүүдийг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг энэ сарын эхээр олгоод байгаа юм. Нэгдсэн улсын тэргүүн Жо Байден “Ковид-19”-ийн халдварын эсрэг эмийн эмчилгээ нь цар тахлыг даван туулах үйл явцыг түргэтгэхэд нэн чухал ач холбогдолтой гэдгийг дурдсан ч вакцин хамгийн үр дүнтэй хэрэгсэл хэвээр байгааг мэдэгдээд, дархлаажуулалтад хамрагдаагүй байгаа хүн бүхэнд вакцин хийлгэхийг уриалжээ.