О.Батнайрамдал: Цаашид АИ-92 шатахууны үнийн асуудалд төр оролцохгүй

Энэ онд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 4-5 дахин өссөн үеэр манай улсын засгийн газар шатахуун импортлогч ААН-үүдтэй гэрээ байгуулж үнийг нэмэхгүй барьснаас үүдэн улс даяар шатахууны хомстол үүсч, нийгэмд ихээхэн бухимдал бий болж байсан. Өнгөрсөн хугацаанд шатахууны үнийн асуудалд төр оролцсоноор импортлогч компаниуд 66.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа юм. Хэрэв төр хөндлөнгөөс оролцсоор байвал оны эцэс гэхэд алдагдал 100 тэрбум төгрөг давахаар байсан гэж үзэж байна. 

Тэгвэл өнөөдөр иргэдийн өргөн хэрэглэдэг АИ-92 шатахууны үнийг чөлөөлөхөөр шийдэж байгааг уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдэгдлээ. Учир нь АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнэ Монгол улсад зах зээлийн зарчмаараа тогтож байгаа. Харин өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнийг автоматаар тооцох болсноор төр шатахууны үнэ тогтооход оролцохгүй бөгөөд дэлхийн зах зээл дээрх шатахууны үнийн өсөлтийг дагаж үнэ хөдлөхөөр болжээ.  Гэхдээ дэлхийн зах зээлд шатахууны үнэ өсөхөд иргэдэд огцом өсөлт мэдрүүлэхгүйн тулд сүүлийн зургаан сарын үнийг дундчилж нэг удаад 100 төгрөгөөс илүү нэмэхгүй, мөн шатахуун импортлогч компаниуд зах зээлийн зарчмаараа, төрийн дарамтгүй ажиллах боломж бүрдэнэ гэсэн юм.