Хилийн “тэг” цэгт чингэлэг шилжүүлэх туршилтыг түр хугацаагаар хойшлуулжээ

БНХАУ-ын Эрээн хотод өнгөрөгч 10-р сарын 13-нд тогтоосон хөл хориог цуцалж, энэ сарын 20-оос тус хотын хөдөлгөөнийг бүрэн нээж, хэвийн байдалд оруулжээ. Ингэснээр Замын-үүд-Эрээний авто замын боомтоор ачаа тээврийн үйл ажиллагааг сэргээхэд нэг алхам урагшиллаа.

Үүний тулд хилийн “тэг” цэгт чингэлэг шилжүүлэн ачих талбайг засаж, өнөөдрөөс эхлэн хоёр улсын талаас туршилт хийхээр тохирсон байсан ч Хятад улсын талаас дангаараа хийсэн туршилт, үнэлгээгээр талбайг дахин засах шаардлагатай гэж үзжээ. Тиймээс хоёр талын туршилтыг түр хугацаагаар хойшлуулаад байна. 

Одоогоор Эрээн хотод цар тахлаас урьдчилан сэргийлэх журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ бүртгэл хийлгэх, нэг дор 10-аас дээш хүн цуглуулахгүй байх зэрэг арга хэмжээг авч байгаа юм байна. Эрээн хот руу нэвтрэх хөдөлгөөнийг 48 цагийн дотор “Нуклеин хүчлийн шинжилгээ” буюу PCR хийлгэсэн иргэдэд нээсэн гэж манай улсын Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.