Нийслэлчүүд өдөрт хамгийн багадаа 2 цагийг, жилд 500 гаруй цагийг замын түгжрэлд зарцуулж байна 

Нийслэлд бүртгэлтэй автомашины тоо 2020 оны байдлаар 615 мянга байсан нь 2010 онтой харьцуулахад 3 дахин өссөн тоо юм. Авто машины тоо 3 дахин өссөн байхад харин нийслэлийн гол авто замын сүлжээний урт ердөө 19 хувиар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, замын багтаамжаас 3 дахин их автомашин явган хүний алхахтай ижил хурдаар замын хөдөлгөөнд оролцож байна. Хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын 25-30 хувь нь хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэх, авах зорилготой гэсэн судалгаа байгаа юм. Гэтэл одоогоор ерөнхий боловсролын сургуулиуд 50 хувийн дүүргэлттэй, сурагчдын тал хувь нь цахимаар хичээллэж байгаа ч иргэд өдөрт 3-5 цаг түгжирсээр байгаагаа хэлж байна.

Нийслэлийн иргэдийн 70 орчим хувь нь түгжрэл стрессийн гол шалтгаан болсон гэж дүгнэсэн байна. Харин эдийн засгийн талаас авч үзвэл 2010-2019 онд түгжрэлд алдагдсан боломжийн нийт өртөг 11.8 их наяд төгрөгт хүрсэн бол зөвхөн 2020 онд бид 2,7 их наяд төгрөгийн зардлыг түгжрэлд зарцуулсан байна. Шатахуун, цаг хугацаа, ажлын бүтээмж, нөөцийн үр ашиггүй хуваарилалт, автомашины үүсгэсэн агаарын бохирдол, дуу чимээний эрүүл мэндэд үзүүлэх уршиг стресс болон бусад олон асуудлын өртөг зардал түгжрэлээс үүдэн гарсаар байна. Эдийн засагч Б.Дөлгөөн 4.8 их наяд төгрөгөөр 98 мянган айлын орон сууц барих боломжтой гэсэн тооцооллыг 2020 онд гаргасан байна. Энэ тооцооллоор зөвхөн 2020 онд түгжрэлд алдагдсан 2,7 их наяд төгрөг нь 55 мянган айлын орон сууц барих хэмжээний мөнгөтэй тэнцэж байна. Бид дагуул хот байгуулах түгжрэл бууруулах гэж олон жил ярьж, улсын төсвөөс хөрөнгө зарцуулсаар байгаа ч жил ирэх бүр түгжрэлийн асуудал улам хурцадсаар байна. 

Харин одоогийн Засгийн газар замын түгжрэлийг бууруулах зорилгоор 2022-2024 онд жил бүр 420-иос доошгүй тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайдад даалгаад байна.