Афганистаны “Талибан” хөдөлгөөн эмэгтэй жүжигчид тоглосон кино гаргахыг хоригложээ

Афганистаны “Талибан” хөдөлгөөн эмэгтэйчүүд тоглосон кино болон шоу хөтөлбөр гаргахаа зогсоохыг телевизийн сувгуудад мэдэгдэж “Шашны шинэ удирдамж” гэж нэрлэсэн тогтоолыг өчигдөр буюу ням гарагт танилцуулжээ. Үүнтэй зэрэгцэн эмэгтэй сэтгүүлчид болон нэвтрүүлэгчдэд Хижаб буюу нүүрээ халхалсан нөмрөг өмсөхийг үүрэг болгосон байна.

Мөн Исламын шашны болон Афганистаны үнэт зүйлсийн эсрэг утга агуулга бүхий кино, хөтөлбөрүүдийг хоригложээ. “Эдгээр нь дүрэм журам бус шашны удирдамж” гэдгийг яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. “Талибан” хөдөлгөөн энэ удаад зүй зохистой хэм хэмжээнд удирдан засаглахаа мэдэгдсэн хэдий ч эмэгтэйчүүдийн их сургуульдаа өмсөж болох хувцсыг хүртэл журамлаж, хэвлэлийн эрх чөлөөг хүндэтгэх амлалт өгснөө үл харгалзан хэд хэдэн сэтгүүлчид дарамт үзүүлжээ. Энэ оны наймдугаар сарын 15-ыг хүртэл улс орныг удирдсан өрнөдийн дэмжлэгтэй засгийн газруудын удирдлага дор бие даасан хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд ихээхэн ахиц дэвшил гараад байсан юм. Тухайлбал, өрнөдийн дэмжлэг, хувийн хөрөнгө оруулалтаар олон арван телевизийн суваг, радио байгуулагдсан байна. Мөн сүүлийн 20 жилийн хугацаанд Афганистаны телевизүүд “American idol” шоутай төстэй дууны тэмцээнүүдээс эхлээд Турк, Энэтхэгийн олон ангит кинонуудыг нэвтрүүлэх зэргээр өргөн хүрээний хөтөлбөрүүдийг үзэгчдийн хүртээл болгосоор иржээ. Харин Талибанчууд 1996-2001 онд засаглах үед телевиз, кино үзэхийг хориглодог байсан төдийгүй "Voice of sharia" хэмээх цор ганц радиогоор суртал ухуулгаа нэвтрүүлдэг байжээ.