Олон улсын хөрөнгийн бирж дээр нефтийн үнэ буурчээ

Европын бүсийн улс орнуудад “Ковид-19”-ийн халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэж байгаагаас шалтгаалан эдийн засгийн сэргэлт удааширч байгаатай холбоотойгоор өнгөрөгч амралтын өдрүүдэд олон улсын хөрөнгийн бирж дээр нефтийн үнэ гурван хувиар буурчээ. 

“Ковид-19”-ийн халдвар нэмэгдсэний улмаас орон даяар хөл хорио тогтоох шийдвэрийг европын орнуудаас хамгийн эхэнд Австри улс гаргаад байна. Мөн тус тивийн хамгийн том эдийн засагтай улс болох Герман улс халдварын улмаас хөл хорио тогтоож магадгүйг анхааруулаад байгаа юм. Ийнхүү халдварын шинэ давлагаа эхэлж байгаатай холбоотойгоор “Брент” маркийн нэг торх нефтийн нэгдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 2.35 ам.доллар буюу 2.9 хувиар буурч, 79.89 ам.долларт хүрчээ. Мөн “WTI” маркийн нефтийн 12 дугаар сард нийлүүлэх үнэ 3.6 хувиар буурч, 76 ам.долларт хүрчээ.  “Brent” маркийн нефтийн үнэ сүүлийн дөрвөн долоо хоногийн турш унасан үзүүлэлттэй байгаа юм. Ийм урт хугацааны үнийн уналт 2020 оны гуравдугаар сараас хойш анх удаа ажиглагдаж байна. Нефтийн үнэ буурах  шалтгааныг коронавирусийн тархалттай холбогдуулан европт дахин хөл хорио, хязгаарлалт тогтоосонтой холбон үзэж байна.