Нийслэлд өнөөдрийн байдлаар 98 чиглэлд 938 автобус иргэдэд үйлчилж байна

Агаарын бохирдлоос гадна иргэдийг бухимдуулж байгаа асуудлуудын нэг нь нийтийн тээврийн хүрэлцээ болоод байна. Иргэд 20 минут, зарим үед 30-40 минут автобус хүлээдэг. Мөн ажил цуглах болон тарах цагаар автобус дүүрэн зорчигчтой ирдэг учраас дараагийн автобусыг хүлээхээс өөр сонголтгүй байгаад бухимдалтай байна. Тэгвэл нийслэлд 98 чиглэлд 938 автобус иргэдэд үйлчилж байгааг Нийтийн тээвэр үйлчилгээний газраас мэдээллээ. Харин нийтийн тээврийн тоог хүн амд харьцуулсан олон улсын стандартаар нийслэлийн 1,5 сая хүн амд багадаа 1800 автобус үйлчлэх шаардлагатай юм байна.  

7 болон 8-р саруудад нийтийн тээврээр өдөрт дунджаар 300 мянга гаруй иргэд үйлчлүүлдэг байсан бол хичээл сургууль эхэлснээр өдөрт нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн тоо 480 мянга гаруй болж өсжээ. Нийтийн тээвэр хүрэлцэхгүй, автобусандаа багтахгүй, хүйтэнд удаан зогсож хүлээж байгаа учраас иргэд бухимдалтай байна. Тэгвэл нийтийн тээврийн үйлчилгээний газраас ачааллыг бууруулах зорилгоор дундын эх авалтыг хийж байгаа гэлээ. 

Иргэдэд үйлчилж байгаа 938 автобусны 60 гаруй хувь нь үйлдвэрлэгдсэнээс хойш 10-аас дээш жил ашиглагдаж байгаа юм байна. Тиймээс Нийтийн тээвэр үйлчилгээний газраас ч нийтийн тээврийг шинэчлэх, тоог нэмэгдүүлэх саналыг нийслэлийн удирдлагуудад хүргүүлж, улсын төсөвт шаардлагатай хөрөнгийг тусгуулсан гэлээ. Нийтийн тээвэрт тусгайлан төсөв суулгах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд автобусны тоог нэмэх аль нь ч байсан нийтийн тээврийн хүрэлцээг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг иргэд хэлж байна.