Хариуцлагын гэрээгээ шинэчилсэн ААН-үүд 100 хувийн дүүргэлттэй ажиллана

Нийслэлийн захирагчийн алба нийтийн хоол, үйлчилгээний үйл ажиллагаа явуулж байгаа газруудтай байгуулсан хариуцлагын гэрээг шинэчилжээ. Шинэчилсэн хариуцлагын гэрээгээр ААН-үүдийг 100 хувийн дүүргэлттэй шинэ жилийн хүлээн авалт хийхийг зөвшөөрсөн байна.  Харин шинэ жилийн хүлээн авалтад оролцох иргэд вакцины гурван тунд хамрагдсан байх эсвэл шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатай юм байна. 

Нийслэлийн хэмжээнд 2000 гаруй хоол үйлдвэрлэл үйлчилгээний ААН байдаг бөгөөд эдгээрээс 10 гаруй хувь нь 50 хувийн дүүргэлттэй ажиллах хариуцлагын гэрээ байгуулаад байсан. Тэгвэл энэ удаад Ресторан, зоогийн газрын холбоо, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хоёр удаагийн хэлэлцээрийн үр дүнд ААН-үүд 100 хувийн дүүргэлттэй 00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулахаар болжээ. Энэ дагуу ААН-үүд шинэ жилийн хүлээн авалтыг ч мөн 100 хувийн дүүргэлттэй хийж болно. Харин хүлээн авалтад оролцох иргэд вакцины гурван тунд хамрагдсан байх эсвэл шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатай юм байна. 

Одоогийн байдлаар ААН-үүдийн ажилтнуудын 25 орчим хувь нь дархлаажуулалтын 3-р тунд хамрагдаад байна. 12-р сарын дунд үе гэхэд ААН-үүдийн дийлэнх нь дархлаа сэргээх тунд хамрагдахаар төлөвлөж байна гэлээ. Хариуцлагын гэрээ шинэчлэгдэж ААН-үүд 100 хувийн дүүргэлттэй үйл ажиллагаа явуулснаар хөл хорионы улмаас санхүүгийн уналтад ороод байгаа хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбар сэргэж, орлого нэмэгдэх сайн талтайг үйлчилгээний салбарынхан онцолж байлаа. Харин зарим иргэд вакцины 3-р тунгаа хийлгээгүй байгаа ч шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахаар болсныг дэмжиж байгаагаа хэлж байна.

Өнгөрсөн зургаадугаар сарын 25-нд ААН-үүд Нийслэлийн захирагчийн албатай хариуцлагын гэрээ байгуулснаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу "улбар шар" түвшины үед үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн. Улмаар Улаанбаатар хотод хоол үйлдвэрлэл, ресторан зоогийн газрууд 50 хувийн дүүргэлттэйгээр 22:00 цаг хүртэл ажиллахаар болсон. Сүүлд хариуцлагын гэрээг дахин шинэчилж үйл ажиллагаа хаах цагийг 00:00 цаг болгоод байсан юм.