Их Британид шинээр баригдах бүх барилга цахилгаан автомашины цэнэглэгчтэй байх хуулийг батална

Ирэх оноос эхлэн Их Британид шинээр баригдах барилга, байгууламж бүр заавал цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэгч бүхий зогсоолтой байх хууль батлах гэж байгааг Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон өчигдөр мэдэгджээ. Үүнд орон сууц, оффис, үзвэр үйлчилгээний зориулалттай бүх барилга хамаарах юм байна. 

Шинэ хууль хэрэгжиж эхэлбэл жил бүр 145 мянга гаруй цэнэглэгч станц болон түүнд зориулсан зогсоол нэмэгдэх тооцоо гарсан байна. Барилга байгууламжуудыг цахилгаан автомашины цэнэглэгчтэй байхыг заасан хууль нь Их Британийн засгийн газар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж байгаа ажлын нэг хэсэг юм. Мөн энэ хүрээнд 2035 оноос эхлэн бензин болон дизель хөдөлгүүртэй шинэ тээврийн хэрэгслийн борлуулалтыг хориглохоор төлөвлөсөн байна. Тус улсын ерөнхий сайд Борис Жонсон “Бид өмнөх алдаагаа давтаж болохгүй чухал шилжилтийн цаг үед ирээд байна. Эдийн засгаа ногоон аж үйлдвэрийн хувьсгалд уусган нийлүүлэх шаардлагатай нүүр тулгарлаа. Бид шинжлэх ухаан, шинэ технологид үлэмж хэмжээний хөрөнгө оруулснаар энэ шилжилтийг хийж чадна” хэмээн мэдэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Их Британи даяар цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн 25 мянга гаруй цэнэглэгч станц байгаа бөгөөд 2030 он гэхэд үүнээс 10 дахин олон станц хэрэгтэй болохыг судлаачид мэдэгдсэн байна.