БНХАУ Литва улстай тогтоосон дипломат харилцаагаа “түр хамаарагчийн түвшин”-д буулгахаар шийджээ

Өнгөрсөн долоо хоногт Литва улсын нийслэл Вильнюс хотод Тайвань төлөөлөгчийн газраа нээсэнтэй холбоотойгоор БНХАУ Литватай тогтоосон дипломат харилцаагаа бууруулжээ. Литва улсын эрх баригчид энэ үйлдлээрээ дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэлд тусгагдсан улс төрийн амлалтаа зөрчсөн гэж БНХАУ үзэж байна.

“Хятад улс Тайванийн төлөөлөгчийн газрыг Вильнюс хотод нээснийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, хоёр орны дипломат харилцааг түр хамаарагчийн түвшинд буулгахаар шийдсэн" гэж эх газрын Хятад улсын гадаад хэргийн яам мэдэгдсэн байна. Тодруулбал, Хятадын эрх баригчид Литвийн талын хийж байгаа үйлдлийг улс орны бүрэн эрхт байдлыг алдагдуулж, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдаж, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс бүдүүлгээр оролцсон гэж үзжээ. Мөн НҮБ-ын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа зөрчихгүй байхыг Литва улсын эрх баригчдад нэг бус удаа уриалж байснаа дурдсан байна. Гэсэн хэдий ч Вильнюс Бээжингийн байр сууринд анхаарал хандуулахгүй, нийтлэг ашиг сонирхлыг харгалзахгүй байгаа нь "олон улсын муу жишиг"-ийг бий болгож байна гэж мэдэгдэлд дурдсан байна. Түүнчлэн “Алдаагаа нэн даруй засахыг бид Литва улсад уриалж байна. Нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалах Хятадын ард түмний шийдэмгий, няцашгүй хүсэл зориг, асар их чадварыг дутуу үнэлж болохгүй" гэж Хятадын гадаад хэргийн яамнаас мэдэгджээ.