Өнгөрөгч мягмар гарагт АНУ-ын усан цэргийн хөлөг онгоц Хятадын эх газар болон Тайвань арлыг тусгаарладаг Тайванийн хоолойгоор гарсан байна. АНУ-ын тэнгисийн цэргийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, алсаас удирддаг дөрөв дэх үеийн пуужингаар тоноглогдсон “Us Milius” эскадрын мина зөөгч хөлөг онгоц Тайванийн хоолойгоор гарсан талаар мэдээлж байна.
"Уг хөлөг онгоц Тайванийн хоолойгоор гарсан нь Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг чөлөөтэй, нээлттэй болгох АНУ-ын амлалт хэвээр гэдгийг нотлох зорилготой” гэж мэдээлэлд онцолсон байна. Энэ оны 9-р сараас эхлэн АНУ-ын тэнгисийн цэргийн хөлөг онгоцнууд Тайванийн хоолойгоор хэд хэдэн удаа гарсан бөгөөд энэ үйлдлүүд нь Америк-Хятадын харилцаанд үүссэн түгшүүртэй байдлыг улам даамжруулж хүйтэн дайны нөхцөлд аваачиж болзошгүй гэж ажиглагчид дүгнэж байна.
Эх газрын Хятад нь Тайванийн арлыг өөрийн улсын салшгүй нэг хэсэг гэж үздэг. Түүнчлэн тус бүс нутаг дахь АНУ болон бусад холбоотон улсын цэргийн аливаа оролцоог ихэд болгоомжлон хүлээж авдаг. Иймд тус арлын статусыг олон улсад болон НҮБ-ын гишүүн орнууд хүлээн зөвшөөрөх эсэхээс үл хамааран БНХАУ-ын тал хариу арга хэмжээ авна гэдгээ аль хэдийн мэдэгдээд байгаа юм. Үүнээс гадна АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа “Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалтыг” ирэх сард зохион байгуулна гэдгээ өчигдөр мэдэгдсэн бөгөөд дэлхийн 110 гаруй улсын төрийн тэргүүн нарыг уг уулзалтад урьжээ. Урилга илгээсэн улс орнуудын жагсаалтаас харвал ОХУ, БНХАУ-ын эрх баригчид багтаагүй бол Хятад улсын өөрийн муж гэж үздэг Тайвань харин оролцогч улс орнуудын тоонд багтжээ.