Манай улсын нийт импортын 80 хувь нь дамждаг Эрээн боомт хаагдсанаас хойш багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар худалдаа наймаа эрхлэгчид бараагүй болж, захиалсан өвлийн бараагаа улиралдаа багтан зарах боломжгүйд хүрч байгаагаа хэлж байна. Тэдний дийлэнх хувийг эзэлдэг жижиглэн наймаа эрхлэгчдийн бөөндөж авдаг барааны үнэ ширхэг тутамдаа 5000 төгрөгөөр нэмэгдсэний дээр олдоц муу болсон байна.
Монгол улсын хэмжээнд бөөний болон жижиглэн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 79024 аж ахуй нэгж бүртгэлтэй байгаагаас 2020 оны 1 сарын 31-ний байдлаар 38649 нь үйл ажиллагаа явуулж байна гэсэн судалгаа байна. Улаанбаатар хотын 9 дүүргийн хэмжээнд нийт худалдааны салбарт 10 төрлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа 11445 албан бус сектор байна. Тэдний ихэнх нь жижиглэн худалдаа эрхэлж байна. Тэгвэл жижиглэн худалдаа эрхлэгчид худалдаа наймаа муу, зах бөөний төвүүдээс авдаг барааны үнэ 5000 орчим төгрөгөөр нэмэгдсэн, хил хааснаас хойш олдоц ч муу байгааг хэлж байна.
Харин талбайн түрээс өгч наймаа эрхэлдэг иргэд өнгөрсөн жилийн үлдэгдэл цөөн бараагаа зараад дууссан, өвөл эхэлж байхад хавар намрын гутал зарах гээд сууж байна гэсэн юм. Лангуу нь ч хоосорсон бөгөөд ажилласан ч ажиллаагүй ч түрээсээ төлөх учраас хавар намрын гутлаа өрөөд сууж байгаагаа хэлж байсан юм.