ГССҮТ-ийн хүлээн авахад ирсэн иргэдийн 60-80 хувь нь халтиргаанаас гэмтэж бэртсэн байна 

Явган болон авто замд халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотой иргэд гэмтэж бэртэх тохиолдол эрс нэмэгдсэн байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авахад дулааны улиралд өдөрт 280 орчим хүн ирдэг байсан бол сүүлийн үед өдөрт 380-400 орчим хүн ирж байгаа гэлээ. Тэдний 60-80 хувь нь халтиргаатай зам болон спорт зааланд халтирч гэмтэж, бэртсэн гэсэн өгүүлэмжтэй байна.

Нийслэлийн явган хүний замын цасыг цэвэрлэх халтиргааг багасгахад аж ахуй нэгжүүд гадаах 50 метр талбайн цас мөсийг арилгаж цэвэрлэх үүрэгтэй. Энэ ажилд Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьдаг ч аж ахуй нэгжүүд зарим нь цэвэрлэдэг, зарим нь бие биетэйгээ барьцах зэргээр хайнга ханддаг гэдгийг тус газраас хэлж байна. Мөн нийслэлд явган хүний замын стандарт гэж байдаггүй, байгууллагууд ойр орчимдоо өнгө үзэмжид хэт анхаарч гялгар пилтагаар хийсэн зам эсвэл барзгар цементэн замд цас ховхрохгүй тогтож халтиргаа гулгааг үүсгэж байгаа бол нийтийн эзэмшлийн зам талбайн цас нягтшиж, огт цэвэрлэгээгүй орхигдож байна. Гэмтлийн эмнэлгийн хүлээн авах хүлээлгийн хэсэг, үзлэгийн өрөөний гадна иргэдийн урт дараалал үүссэн байна. Иргэдээс эмнэлэгт ирсэн шалтгааныг асуухад ихэнх насанд хүрэгчид явганаас халтирсан бол хүүхдүүд гудамжинд болон спорт зааланд халтирсан гэж байна. 

Уналтаас шалтгаалж иргэд хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол ч гарч байна. Мөн гэмтлийн дараа хүний биед үлдэц үлдэж олон жилийн дараа халамжид шилжсэн хүмүүс ч байхыг үгүйсгэхгүйг эмч хэлж байгаа юм. Нийслэлийн засаг даргын тамгын газраас хотын стандарт энэ онд багтаж батлагдана. Стандарт батлагдвал ирэх оноос явган хүний замыг зориулалтын халтиргаа багатай материалаар хийж, ногоон байгууламж, зам засварын ажлуудыг төсөвтэй нь хамт дүүргүүдэд шилжүүлнэ. Дүүргүүд үе шаттай стандартад нийцүүлэх ажлыг хийнэ хэмээн мэдээлсэн байна.