Энэ сарын 26-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Өмнөд Африк улсад бүртгэгдсэн “Ковид 19”-ийн халдварын вирусийн мутацлагдсан “омикрон” шинэ хувилбарыг онцгой анхаарал татахуйц хувилбарт нэмж бүртгэсэн. Одоогоор омикрон хувилбар нь Өмнөд Африк, Израиль, Бельги, Хонконг, Их Британи, Итали, Герман улсад бүртгэгдээд байна. Үүнтэй холбоотой олон нийтийн дунд олон асуулт бий болоод байна. Тухайлбал, энэхүү мутацлагдсан хувилбар нь ДОХ-ын вирустэй хавсарсан гэх мэдээлэл зарим иргэдийг төөрөгдөлд оруулаад байгаа юм.
Олон нийтийн анхаарлыг татаж байгаа дараагийн асуудал нь бизнесийн байгууллагынхан хэвийн горимоор ажиллах боломж бүрдэж эхэлж байсан үед ийнхүү дахин шинэ хувилбар гарсан учраас хөл хорио тогтоох, олон нийтийг хамарсан үйл ажиллагаануудыг цуцлах зэрэг арга хэмжээ авах эсэх болоод байна. УОК-оос мутацлагдсан хувилбарын судалгаа дөнгөж эхэлж байхад яаран хөл хорих, ААН-үүдийн үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргахгүй гэлээ. Харин хил боомтын хяналт шалгалт, шинжилгээ, тусгаарлалтын ажлыг эрчимжүүлнэ гэсэн байна.
Мутацлагдсан хувилбар вакцины үйлчлэлийг сулруулж байна гэх албан бус мэдээлэл мөн олон нийтийн дунд гараад байна. Тэгвэл вакцины бүүстер тун шинэ хувилбарын тархалтын төвшинг хязгаарлах, халдвараас сэргийлэх боломж болно гэж үзэж байгааг мэргэжилтнүүд тайлбарлалаа.
Нэгэнт гаднын улс руу зорчихоор ажлаа төлөвлөсөн тасалбараа захиалчихсан иргэдийг хорих боломжгүй ч дэлхий даяар вирусын шинэ хувилбарын урьдчилан таамаглах аргагүй нөхцөл байдал үүсч байгаа учраас онцын шаардлагагүй бол гадаад улс руу зорчихгүй байхыг анхааруулжээ. Тухайн улс орон хилээ хаах зэрэг арга хэмжээ авбал тодорхойгүй хугацаагаар гадаад улсад гацах эрсдэлд орж болзошгүйг УОК-оос сануулсан байна.