НҮБ-ын эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан байгууллагаас шинэ тайлан танилцууллаа. Уг тайланд “ковид-19”-ийн халдвар эмэгтэйчүүдийн гэр орон, олон нийтийн газар дахь аюулгүй байдалд нь хэрхэн нөлөөлж байгаа талаар дурджээ.
“Ковид-19”-ийн халдварын дэгдэлтийн үеэр эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдсэн хүчирхийлэл” хэмээн нэрлэсэн уг тайланд дурдсанаар, дэлхий дахинд эмэгтэйчүүдийн тал хувь нь өөрсдөө эсвэл түүнд хамааралтай танил эмэгтэйчүүд нь цар тахал дэгдэж эхэлснээс хойш ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн гэж хариулсан байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн дөрөвний нэг нь цар тахал дэгдсэнээс хойш гэр орон доторх зөрчил ихэссэний улмаас аюулгүй байгаагаа мэдрэх нь багассан гэж хариулсныг 11-р сарын 25-ны өдөр тохиодог эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдрийг тохиолдуулан танилцуулсан тайланд бичжээ. Тэднээс яагаад гэр орондоо байхдаа аюулгүй байгаагаа мэдрэх нь багассан талаар тодруулахад, 21 хувь нь бие махбодын хүчирхийлэлд өртсөн, мөн 21 хувь нь гэр бүлийн гишүүн нь өөрийг нь гэмтээсэн, 19 хувь нь өрхийн өөр эмэгтэй гишүүн нь гэмтсэн гэх хариултыг өгсөн байна. Эдгээрээс дүгнэж үзэхэд санхүүгийн дарамт, ажилгүйдэл, хүнсний аюулгүй байдал, гэр бүлийн хурцадмал харилцаа зэрэг нийгэм эдийн засгийн асуудалтай холбоотой стрессийн хүчин зүйлүүд нь эмэгтэйчүүдийн аюулгүй байдалд нөлөөлж байгааг олж тогтоожээ.