БНХАУ-ын талаас АНУ-д эсэргүүцлээ илэрхийлжээ

АНУ-ын худалдааны яам БНХАУ-ын 12 компанийн эсрэг хязгаарлалт тогтоосныг эрс эсэргүүцэж байгааг тус улсын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лизянь мэдэгджээ. Тэрбээр “АНУ үндэсний аюулгүй байдал нэрийн дор Хятадын компаниудад шахалт үзүүлэх зорилгоор төрийн эрх мэдлийг ашиглаж байна” хэмээн мэдэгдсэн байна

Мөн АНУ-ын уг үйлдлийг Хятад улс эрс эсэргүүцэж, алдаагаа нэн даруй засахыг Америкийн талд уриалж байна. Компаниудынхаа хууль ёсны эрх ашгийг хамгаалахын тулд бид шаардлагатай бүх арга хэмжээг авна хэмээн онцолж хэлсэн юм. Эргэн сануулбал АНУ-ын Худалдааны яам өнгөрөгч пүрэв гарагт 27 байгууллага, хувь хүнийг АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын ашиг сонирхолтой зөрчилдөж болзошгүй хүмүүсийн жагсаалтад оруулсан юм. Уг жагсаалтад БНХАУ-д төвтэй 12, Японд төвтэй нэг, Сингапурт төвтэй нэг компани, Пакистанаас 13 компани, хувь хүн багтсан байна. Япон, Сингапурын компаниуд нь Хятадад төвтэй “Corad technology limited” компанийн охин компаниуд байжээ.