Кино урлагийн тухай хууль уран бүтээлчид бүтээлээ оюуны өмчийн эргэлтэд оруулахад чухал нөлөөтэй 

Кино урлагийн салбарыг төрөөс дэмжих, кино үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, уран бүтээлчдийн эрхийг хамгаалах чиглэлээр хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор манай улс энэ жил анх удаа кино урлагийн тухай хуулийг баталсан. Энэхүү хууль батлагдсанаар кино урлагийн салбарын өмнө тулгамдаж буй бүх асуудал нэг дор шийдэгдэхгүй ч уран бүтээлчдийн сайн бүтээл туурвих, бүтээлээ оюуны өмчийн эргэлтэд оруулах, дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж салбарынхан үзэж байна.

1990 оноос хойш кино урлаг нь зөвхөн кино продакшн, чөлөөт уран бүтээлчдийн үйл ажиллагааны хүчээр хөгжиж байна. Хэдийгээр өмнө нь кино урлагийн салбарын хууль, эрх зүйн зохицуулалт нь соёл урлагийн талаарх бодлого, хууль тогтоомжийн хүрээнд зохицуулагдаж байсан ч кино урлагийн салбар хурдацтай хөгжиж байгаа энэ үед уран бүтээлчдийн эрх зүйн орчинг хангалттай хангасан зохицуулалт болж чадахгүй байжээ. 

Энэ нь цаашлаад уран бүтээлийн чанарт нөлөөлж үзэгчдийн хэрэгцээ, шаардлагыг хангахгүй кинонууд олноор бүтээгдэхэд нөлөөлдөг байна. Тиймээс салбарын хөгжлийг түргэсгэх, уран бүтээлчдээ дэмжин гадаад зах зээлд гаргах үүднээс кино урлагийн тухай хуулийг боловсруулан баталсан. Кино урлагийг дэмжих тухай хуулийг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр байгаа. Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр гарах үр нөлөөг салбарын төлөөллөөс тодрууллаа.

Дэлхийн зарим улс орнууд кино үйлдвэрлэлийн салбарт 97 төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг үзүүлдэг. Манай улсад ч мөн татварын хөнгөлөлтийг олгож эхэлбэл дотоодын олон уран бүтээлчдээс гадна гадаадын уран бүтээлчид Монголд кино бүтээх нь олшрох бөгөөд энэ нь цаашдаа манай улсыг олон улсад сурталчлах давуу талтайг дурдаж байсан юм.

Манай улсад жилд дунджаар кино театрт 35 гаруй кино, IPTV-д 20 гаруй киног 4-5 тэрбум төгрөгийн зардал гарган бүтээж, үзэгчдэд хүргэдэг. Харин зарим тохиолдолд зардлаа нөхөж чадахгүй тохиолдол байдаг байна. Анх удаа кино урлагийг дэмжих хуультай болсноор олон давуу тал бий болж байгаа хэдий ч цаашдаа хуулийн хэрэгжилтэд анхаарах, хэрэгтэй зүйл заалтуудыг нэмэх нь зүйтэйг салбарынхан онцолж байлаа.