Европын эмийн агентлагаас 5-11 насны хүүхдүүдийг “пфайзер” вакцинд хамрагдахыг зөвлөжээ

Европын эмийн агентлагаас “пфайзер-бионтех” компанийн үйлдвэрлэсэн “ковид-19”-ийн халдварын эсрэг вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрлийг өнгөрөгч бямба гарагт олгожээ. Үүнд бага насны хүүхдүүдэд 10 микро-грамм хэмжээтэй хоёр тун вакциныг гурван долоо хоногийн зайтай тарихаар тусгажээ. 

Өнгөрсөн сараас эхлэн Европ тивд “ковид-19”-ийн халдварын шинэ давлагаа дахин эхэлж, дэлхий дахинд шинээр илэрч байгаа халдварын тохиолдол болон нас баралтын тэн хагас нь тус тивд бүртгэгдэх болоод байгаа юм. Үүнтэй зэрэгцэн Европын эмийн агентлагаас 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулалтын хөтөлбөрт хамруулах зөвлөмжийг гаргасан байна. Тэгвэл өнгөрсөн сард “пфайзер-бионтех” компанийн мэдээлснээр, вакцин нь эмнэлзүйн туршилтаар 5-11 насны хүүхдүүдэд 90.7 хувийн үр дүнг харуулсан байна. Европын холбооны улс орнууд “пфайзер-бионтех” компанийн үйлдвэрлэсэн вакциныг энэ оны тавдугаар сараас 12-15 насныханд тарьж эхэлсэн юм. “Комирнати хэмээн нэрлэсэн уг вакцины хүүхдүүдэд үзүүлэх ашиг тус нь эрсдэлээс давж байна, ялангуяа халдвар авсан тохиолдолд хүндээр өвчлөх магадлалтай хүүхдүүдийг энд онцлон дурдах нь зүйтэй” гэж эмийн агентлаг мэдээлсэн байна. Одоогийн байдлаар АНУ, Канад, болон Саудын Араб тэргүүтэй улс орнууд хэдийн бага насны хүүхдүүдийг “ковид-19”-ийн халдварын эсрэг вакцинд хамруулж эхлээд байгаа юм. Насанд хүрэгчдийн хувьд 30 микро-грамм тунг тариулж байгаа бол бага насны хүүхдүүдийг гурван долоо хоногийн зайтай 10 микро-грамм бүхий 2 тунд хамруулах ёстой гэж Европын эмийн агентлагаас мэдэгджээ.