Соёлын салбарын нөөц шавхагдахгүй бөгөөд уул уурхайг орлохуйц эдийн засгийн тэргүүлэгч салбар болгох боломжтой 

Өнөөдөр соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум төрийн ордонд болж өндөрлөлөө. Форумд Монгол улсын ерөнхийлөгч, салбарын сайд, УИХ-ын гишүүд, нийслэлийн удирдлагууд болон салбарын уран бүтээлчид оролцсон юм. Монгол улс соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж экспортлоход мэргэшсэн боловсон хүчин, инноваци, хэрэгцээт технологийн суурь хангалтгүй байгаа бөгөөд цаашид төрийн нэгдмэл бодлогоор дэмжиж уул уурхайн салбарыг орлохуйц эдийн засгийн тэргүүлэгч салбар болгох боломжтой хэмээн оролцогчид санал нэгдсэн юм.

Нийслэлийн зүгээс соёлын бүтээгдэхүүн, бүтээлч үйлдвэрлэлийг хотын бодлого, төлөвлөгөөнд уялдуулж салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах замаар соёлын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. Манай улс соёлын яамгүй өнгөрүүлсэн 24 жилийн хугацаанд соёлын үйлчилгээг тасалдуулалгүй, өнөөдрийн байгаа түвшинд авч ирэхэд Монгол улсын аймаг сум бүрд байдаг Соёлын төвүүд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Цаашид одоо байгаа боловсон хүчнээ чадваржуулах, нарийн мэргэжилтнүүд бэлтгэхэд анхаарах хэрэгтэйг форумд оролцогчид онцолж байлаа.

Кино урлаг, дуу хөгжим зэрэг соёлын бүтээлч үйлдвэрлэлээрээ улс орноо дэлхийд амжилттай сурталчилж аялал жуулчлал, гадаад хөрөнгө оруулалт гэх мэт бусад салбаруудыг амжилттай хөгжүүлж чадсан улс орнуудын жишээнээс үзэхэд соёлын салбарт өнөөдөр хөрөнгө оруулаад маргааш үр дүнг нь харахгүй. Урт хугацааны зөв схем тогтвортой дэмжлэгийн үр дүнд үр шимийг нь хүртдэг онцлогтой салбар гэлээ. Үүний нэг жишээ БНСУ 1996 оноос хойш соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбараа бодлогоор дэмжиж ирсээр өнөөдөр К-Поп, кино урлагаараа дэлхийд алдаршсан байна.