Электрон тамхитай холбоотой хуулийн эрх зүйн зохицуулалтыг яаралтай хийх шаардлагатай 

Манай улсад электрон тамхи хэрэглэх иргэдийн тоо жил ирэх тусам өсөж байгаа. Гэсэн хэдий ч одоог хүртэл электрон тамхины импорт болон хэрэглээ нь хуулийн зохицуулалтгүй хэвээр байна. Электрон тамхийг хуульчлаагүйгээс үүдэн иргэд ялангуяа бага насны хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирох явдал гарсаар байгааг мэргэжилтэн хэлж байна.

2019 онд манай улсын хилээр 2000 ширхэг электрон тамхи импортоор орж ирж байсан бол 2021 оны эхний 10 сарын байдлаар БНХАУ-аас 923 мянган ширхэг, Камбож улсаас 1,6 сая ширхэг электрон тамхи импортлогджээ. Хүн амын хэрэглээ 2 жилийн дотор ингэж их өссөн нь зарим иргэд электрон тамхийг дотор болон гадна орчинд хэрэглэж болдог, утаат тамхинаас бага хор хөнөөлтэй гэж боддогтой холбоотой гэлээ. Гэсэн хэдий ч электрон тамхи нь утаат тамхинаас ялгаагүй никотин агуулдаг учраас хүний биед үзүүлэх сөрөг нөлөө нь адил байдаг байна.

ДЭМБ, Монгол улсын эрүүл мэндийн байгууллага хамтран хийсэн судалгаагаар 13-15 настай хүүхдүүдийн 14 хувь нь тамхи хэрэглэдэг. Тэр дундаа 3.5 хувь нь электрон тамхи хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Өсвөр үеийнхний электрон тамхины хэрэглээг бууруулахын тулд мөн хүн амын электрон тамхинаас үүдэн гарч байгаа өвчлөлийг багасгахын тулд электрон тамхийг зайлшгүй хуульчлах шаардлагатай байгааг хэлж байна.

Мөн бид энэ талаар МХЕГ, ГЕГ-аас тодруулахад электрон тамхи нь цахилгаан барааны төрөлд ордог учраас утаат тамхитай дүйцүүлж хяналт шалгалт тавьдаггүй талаар хэлж байна. Харин хуулийн зохицуулалттай болбол хяналт шалгалт хийгдээд явах талаар хэлж байна.