Европ тивийн улс орнуудад дахин эрчим хүчний хямрал нүүрлэх магадлалтай талаар шинжээчид анхаарууллаа

Европ тивийн зарим улс орнууд “ковид-19”-ийн халдварын эсрэг тогтоосон хөл хорионы дэглэмээ сулруулсаар олон улсын эдийн засаг сэргэж эхэлсэн. Ингэснээр Европ тивд эрчим хүчний болон газрын тосны эрэлт нэмэгдэж үүнийгээ даган хомстол үүсээд байна.

Европ тивийн байгалийн хий, нүүрс, эрчим хүчний томоохон нийлүүлэгч ОХУ дотоодынхоо хэрэглээг хангах үүднээс өнгөрөгч 10-р сараас эхлэн Европ руу нийлүүлж байгаа эрчим хүчний хэмжээгээ үлэмж хэмжээгээр багасгаснаар эрчим хүчний нөөц багатай барууны орнуудад үнэ дээд үзүүлэлтэд хүрээд байгаа юм.

Тэгвэл Европын хоёр дахь том эдийн засагтай улс болох Франц нь онцгойлон эрчим хүчний хямралд өртөж эхлээд байна. Мөн “ковид-19”-ийн халдварын тархалт нэмэгдэхийн хэрээр тус улсын цахилгаан реакторын засвар үйлчилгээ хойшлогдсон байна. Түүнчлэн ирэх оны эхний саруудад Европ тивд огцом хүйтэрнэ гэдгийг Дэлхийн цаг уурын байгууллагаас анхааруулаад байгаа. Дээрх шалтгаануудын улмаас Францын эрчим хүчний системийн гол хүч болох цөмийн станцуудын үйл ажиллагаа доголдож энэ өвлийн цахилгаан, дулааны нөөцөө бүрдүүлж чадахгүйд хүрээд байгаа гэдгийг тус улсын засгийн газраас өчигдөр мэдэгдсэн байна.

Үүнээс гадна өнгөрсөн сард Их Британид эрчим хүчний үнэ 2012 оноос хойш ахин дээд үзүүлэлтэд хүрч, аж ахуйн нэгж, компаниуд бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ танаж, төрөөс тусламж хүсэхээс өөр аргагүй байдалд хүрсэн гэдгээ мэдэгдсэн байна.