АНУ-ын төрийн департаментын доод танхимын таван гишүүн Тайваньд айлчлал хийж байна

АНУ-ын төрийн департаментын доод танхимын 5 гишүүн энэ долоо хоногийн даваа гарагаас эхлэн тав хоногийн хугацаатай айлчлалыг Тайваньд хийж байна. Уг айлчлалтай холбоотойгоор тус арлын захирагч Цай Ин Вен “АНУ болон тайвань хоорондын хамтын ажиллагаа, гадаад харилцааны асуудлаар хэлэлцэж байгаад талархалтай хандаж байна” гэдгээ илэрхийлжээ. 

Уг айлчлалын хүрээнд хэлэлцэх бас нэгэн чухал асуудал бол Индонез болон Номхон Далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудал гэж Тайванийн гадаад хэргийн яамны албан тушаалтнууд мэдэгдсэн байна. Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Тайванийн эрх баригчидтай албан бус харилцаагаа зузаатгасан хэвээр байгаа ч БНХАУ-ын “нэг хятад” зарчмыг баримталж, тус арал дээрх эх газрын Хятадын эрх мэдлийг хүлээн зөвшөөрнө гэдгээ хэдийн мэдэгдээд байгаа юм. Тэгвэл АНУ-ын төрийн департаментын гишүүд Тайваньд айлчлал хийж байгаатай холбогдуулан БНХАУ-ын ГХЯ-аас уламжлал ёсоор хариу мэдэгдэл хийсэн байна. Уг мэдэгдэлд дурдсанаар, "Дэлхий дээр ганцхан Хятад улс байдаг бөгөөд БНХАУ-ын засгийн газар бол бүх Хятадыг төлөөлж байгаа цорын ганц хууль ёсны засгийн газар юм. Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг. 50 жилийн өмнө АНУ НҮБ-д "нэг хятад, нэг тайвань" эсвэл "хоёр хятад"-ыг бий болгохыг оролдсон боловч амжилтгүй болсон. Харин Вашингтоны эрх баригчид аралд айлчлал хийж байгаа нь "Тайванийн тусгаар тогтнол"-ыг ил тодоор дэмжиж, олон улсын эрх зүй, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ, түүний дотор "нэг хятад" зарчмыг ноцтой зөрчиж байна гэж мэдэгдсэн байна. Харин АНУ-ын хууль тогтоогч Колин Олрэд “Бид бол авторитар дэглэмийг эсэргүүцэж, үнэт зүйлсээ хамгаалагч ардчилсан түншүүд” хэмээн мэдэгдсэн байна. АНУ нь Тайваньтай холбоогоо улам бэхжүүлсээр байгаа энэ үед Хятад улс цэргийн хүчээ зузаатгаж Тайванийн арал орчим тэнгисийн цэргийн бэлтгэл, сургуулилт явуулсаар байна.