ДОХ-ын тархалтыг багасгахын тулд төрөөс ТББ-тай хамтарч ажиллах хэрэгтэй

Дэлхий дахинаа дох өвчнөөр өвдсөн 38 сая хүн байна. Өвчтэй иргэдийн 53 хувь нь эмэгтэйчүүд, 47 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Тэдгээр иргэдийн 35 сая нь 15-аас дээш насныхан байгаа бол 1.7 сая нь хүүхэд байгаа юм байна. Өнгөрсөн онд 680 мянган хүн энэ өвчний улмаас энджээ. Харин манай улсын хэмжээнд энэ өвчнөөр өвдсөн нийт 323 иргэн байгаагаас 80 хувийг эрчүүд, 20 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Тэдний дийлэнх нь 25-30 насны иргэд байна. Тэгвэл өнгөрсөн хугацаанд манай улсад уг өвчний улмаас 53 нас баралт бүртгэгджээ.

Манай улсад анх 1992 онд хүний дархлал хомсдолын вирус, ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдэж байжээ. Харин 2019 онд энэ өвчнөөр 18 хүн өвчилж, 5 нас баралт бүртгэгдсэн бол 2020 онд 25 хүн ДОХ-оор өвдөж, 3 нас баралт бүртгэгжээ. Харин энэ он гарсаар нийт 12 хүн ДОХ-оор өвдөж 2 нас баралт бүртгэгдсэн байна. Тэгвэл НҮБ-ээс гаргасан судалгаанд манай улсад 666 хүн ДОХ-той байж болзошгүй хэмээх таамаглалыг дэвшүүлжээ. Хэрвээ тухайн улсад бүртгэгдсэн ДОХ-той иргэдийн тоо нийт хүн амын 0.1-ээс доош байвал бага эрсдэлтэй гэж үздэг. НҮБ-ээс гаргасан эрэмбээр манай улс ДОХ-ын бага эрсдэлтэй бүлэгт ордог. Харин эрсдэлт бүлгийн хүн амын тухайд тархалт бага биш байгаа юм. 

Өнөөдрийн байдлаар ДОХ-той 323 иргэний эмчилгээний зардлыг төрөөс хариуцаж байна. Эмчийн хэлж буйгаар иргэдийн эмчилгээ үйлчилгээг төрөөс дааснаар тэдэнд ирэх санхүүгийн дарамтыг багасгахаас гадна өвчин хүндрэхээс сэргийлдэг гэж байсан юм. Тэгвэл уг өвчнөөр өвдсөн иргэн эмчилгээ үйлчилгээний хувьд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг нэмэгдүүлэх шаардлагатайг хэлж байлаа.

Өвчний тархалтыг бууруулахын тулд цаашдаа төрөөс ТББ-тай хамтарч ажиллахыг бодлогоор дэмжих нь хамгийн чухал гэдгийг эмч онцоллоо. Энэ өвчний тархалтыг багасгахын тулд эрт илрүүлэг хамгийн чухал байдаг.  Хугацаа алдах тусам хүндрэх эрсдэлтэй байдаг учраас эрсдэлээс сэргийдэхийн тулд тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх, байнга шинжилгээ өгч өөрийгөө эрсдэлээс хамгаалахыг эмч зөвлөлөө.