Сэтгэл зүйн тулгамдсан асуудлын гол шалтгаан амьд харилцаа багасах, хамт олон, нийгмээс тусгаарлагдах юм

Бие махбодын өвчлөлийн шинж тэмдэг хүний амьдралын хэв маягийг өөрчилж, хөдөлгөөн хязгаарлагдах зэргээр шууд илэрдэг учраас иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ, хариу арга хэмжээг цаг алдалгүй авдаг. Харин сэтгэл зүйн тулгамдсан асуудал гарвал хүн тэр бүр эмнэлэгт хандаж, эмчид үзүүлэх тал дээр хангалттай анхаарал хандуулж чаддаггүй байна. Гэтэл хамгийн сүүлийн үеийн буюу “ковид-19”-ийн халдвар тархалтын үеийн судалгаагаар манай улсын 4 хүн тутмын 1 нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байгаа нь тогтоогджээ. 

Сэтгэл зүйн асуудалд өртөмтгий болон өртөх эрсдэлтэй нийгмийн бүлгүүдэд өндөр настнууд, өсвөр насны хүүхдүүд, жирэмсэн болон амаржсан эхчүүд ордог байна. Тэдний сэтгэл зүйн асуудалд өртөхөд нөлөөлдөг нийтлэг бөгөөд гол шалтгаан нь хамт олон, нийгмээс тусгаарлагдах явдал байдаг. 

Тиймээс сэтгэл гутрал сэтгэл зүйн тулгамдсан асуудалд өртөхгүй байхын тулд ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн агуулгад сэтгэл зүйн боловсролыг багтааж, мэргэжлийн багшаар заалгах, залуу гэр бүлүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх зэрэг ажилд анхаарч, амьдрал дээр нэвтрүүлэх шаардлагатай байна. Орчин үед бүх зүйл цахимжиж байгаа нь цаг зав хэмнэх сайн талтай ч амьд харилцаа, нийгмийн оролцоог хумьж ганцаардал, сэтгэл зүйн асуудал үүсэхэд нөлөөлж байна. Жирэмсэн эхчүүд төрсний дараах хүртэлх сэтгэл гутралыг нийгмээс түр тусгаарлагдсанаас үүдсэн түр зуурын асуудал гэдгийг ойлгож даван гарах хэрэгтэйг мэргэжилтэн зөвлөсөн юм. 

Мөн залуучууд тэр дундаа өсвөр насныхан өөртөө хэтэрхий том зорилго тавьж түүндээ хүрч чадахгүй байгаадаа гутарч, бусадтай өөрийгөө харьцуулан сэтгэл дундуур явах тохиолдол элбэг байдаг.  Удаан хугацаанд гутралтай, сэтгэл зүйн асуудалтай явах нь сэтгэл зүйн эмгэг болж хүндрэх ч эрсдэлтэй. 

Тиймээс хүн бүр өөр өөрийн цаг хугацаанд, сонгосон мэргэжил, хийдэг ажил зэргээрээ ялгаатай оршдог гэдгийг ухамсарлаж, хийж байгаа ажил, өнөөдрийн байгаа өөртөө сэтгэл хангалуун байх хэрэгтэйг мэргэжилтэн хэлж байлаа.