Япон улсад “омикрон” хувилбарын анхны тохиолдол илэрчээ

“Ковид-19”-ийн халдварын шинэ хувилбар “омикрон”-оор халдварласан анхны тохиолдол Япон улсад бүртгэгдсэн талаар тус улсын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдээлжээ. Намиби улсаас өнгөрсөн ням гарагт “Нарита” нисэх буудалд ирсэн 30 гаруй насны эрэгтэй олон тооны мутаци бүхий омикрон шинэ хувилбараар халдварласан болох нь тогтоогдсон байна. Намиби улсаас ирсэн тэрээр нисэх буудалд ирсний дараа “PCR” шинжилгээ хийлгэхэд хариу нь эерэг гарсан бөгөөд сорьцыг нь тус улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнд илгээн шинжлүүлэхэд “омикрон” хувилбар болох нь тогтоогдсон байна. Европ, Канад, Хонконг зэрэг улс орон, бүс нутагт илрээд байгаа “омикрон” хувилбар нь халдварлах чадвар өндөр, вакцин хийлгэснээс үүссэн дархлаанаас зугтах чадвартай байж болзошгүйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулаад байгаа юм. “Ковид-19”-ийн халдварын шинэ хувилбар илэрсэнтэй холбогдуулан улс орнууд зорчих хөдөлгөөний хязгаарлалтуудаа чангатгаад байна. Япон улсын хувьд өчигдрөөс эхлэн гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхээ түр зогсоох шийдвэр гаргаж, халдварын эрсдэл өндөр бүс нутгуудаас ирэх иргэд, байнгын оршин суугчиддаа зориулалтын байрт 10 хоног тусгаарлах шаардлага тавиад байгаа юм.