Хувь хүний нууцын тухай хуулийг шинэчлэн найруулж, хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-аас хэлэлцэж эхлээд байгаа. Одоо мөрдөгдөж буй 1995 онд батлагдсан хуулийг хэрэгжүүлэхэд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан өөрчлөх нийгмийн шаардлага үүссэн.
Сүүлийн жилүүдэд үйлчилгээний газрууд хэрэглэгчийн худалдан авалтын үнийн дүнд тааруулж, оноо олгох, хувь хүнийг таньж баталгаажуулах зорилгоор иргэний биеийн давхцахгүй өгөгдөл болон хувь хүний бусад мэдээллийг шаарддаг болсон. Гэтэл хүний хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй цуглуулж, ашиглах, дурын зорилгоор дамжуулах асуудал тохиолддог. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх, хүний хувийн мэдээллийг ашигласан тохиолдолд мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах асуудлыг шинэ хуулиар зохицуулахаар тусгасан байна. Хэрэв хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлбэл төрийн байгууллагаас бусад байгууллагад хадгалагдаж буй хүний гарын хурууны хээний бүртгэлийн мэдээллийг устгуулах арга хэмжээг авах юм байна.
Түүнчлэн дууны, дүрсний, дуу дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулахад тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг хуульд тусгасан. Ингэхдээ ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, дүрсний, дуу дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглохоор хуульд заасан байна.