Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 100 төслийн тендер шалгаруулалтыг оноос өмнө цахимаар явуулна

Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг 4-р сарын 1-ний дотор зохион байгуулж дуусгах юм байна. 2022 оны төсвийн жил эхлэхээс өмнө төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хийгдэх 100 төслийн тендер шалгаруулалтыг цахимаар явуулахаар болжээ. 

Tender.gov.mn хуудсанд өдөрт 60 гаруй тендер зарлагдаж, жилд 21000 орчим тендер шалгаруулалтыг зохион байгуулдаг бөгөөд жилд 3.4 их наяд төгрөгийн төсөл арга хэмжээ хэрэгжүүлдэг. Жилд дунджаар 6-7 мянган аж ахуй нэгж тендер шалгаруулалтад оролцож байна. 

Тендер шалгаруулалтад шалгарсан компаниуд гэрээний гүйцэтгэлийн мэдээллээ оруулах ажилд хойрго хандаж байгаа учраас хариуцлагатай байх шаардлагатай байна гэлээ. Тендер шалгаруулалтын ил тод байдал сайжирч, ирэх гомдлын тоо буурч 3 хувьтай байна гэж албаныхан мэдээлсэн юм. Гэтэл компаниудын төлөөлөл шалгаруулалттай холбоотой гомдол гаргавал тендерийн маргаантай бүртгэлд орж дахин тендерт оролцоход хүндрэлтэй болдог учраас гомдолтой ч гомдол мэдүүлж чаддаггүй гэсэн юм. Эх оронч худалдан авалтыг дэмжиж, тендер шалгаруулалтыг хүний оролцоо багатай шалгаруулдаг болгох, эрх зүйн орчинг сайжруулахын тулд хуулийн шинэчлэл дээр ажиллаж байгаа гэсэн юм.