Франц улс сурагчдын дээрэлхэлтийг хэрэгт тооцож хорих болон торгох шийтгэл ногдуулах хуулийг хэлэлцэж байна

Франц улсын парламент сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа дээрэлхэх болон хүчирхийллийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эдгээрийг үйлдсэн этгээдийг 3 хүртэл жил хорих ялтай болгох хуулийн төслийг дэмжсэн байна. Хуулийн төслийг тус улсын Боловсролын сайд Жан Мишел Бланке санаачилжээ. 

НҮБ-ын хүүхдийн сангийн хийсэн судалгаагаар “Дэлхий дахинд өдөр бүр өсвөр насны 5 хүүхэд тутмын нэг нь ямар нэгэн байдлаар дээрэлхүүлдэг” гэсэн үр дүн гарсан байна. Мөн сүүлийн үед цахим орчинд ч энэ төрлийн хэрэг ихээр цацагдах болсон нь уг хуулийн төслийг санаачилж, боловсруулахад хүргэсэн хэмээн Францын Боловсролын сайд мэдэгдсэн байна. Дээрэлхэх үйлдлийг таслан зогсоох зорилгоор санаачилсан хуулийн төслийг Францын парламентын доод танхимын гишүүд дэмжээд байгаа бол ирэх 7 хоногт дээд танхим буюу сенатод хэлэлцүүлэхээр бэлдэж байгаа юм байна. Хууль батлагдвал ирэх оны 2-р сараас эхлэн хэрэгжиж эхэлнэ гэдгийг Жан Мишель Бланке мэдэгдэлдээ дурджээ. Хуулийн төсөлд сурагч нэгнийгээ дээрэлхсэн тохиолдолд дээд тал нь 3 хүртэл жил хорих, 45 мянган еврогийн торгууль төлөхөөр тусгасан байна. Хэрэв дээрэлхэх болон хүчирхийллийн шинжтэй үйлдэлд өртсөн хүүхэд амиа хорлосон эсвэл оролдлого хийсэн бол ялын хэмжээ нэмэгдэн 10 хүртэл жилээр хорих ял ногдуулж, 150 мянган еврогоор торгох юм байна. Ингэхдээ дундаас дээш ангийн насны сурагчид хорих ял ногдуулах бөгөөд хэрэв сурагч хариуцлага хүлээх насанд хүрээгүй үедээ дээрэлхэх хэрэг үйлдсэн бол дунд ангид ороод хариуцлагаа хүлээх юм байна. 

Нэмж дурдахад, тус улсын тэргүүн хадагтай Брижит нь багш мэргэжилтэй бөгөөд сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа дээрэлхэх, ялгаварлан гадуурхалт зэрэгтэй сүүлийн 10 гаруй жил тэмцэж байгаа юм байна.