Дэлхий нийтээр цар тахалтай амаргүй нэгэн жилийг үдэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Манай улс 12-р сардаа багтаан дархлаажуулалтыг идэвхжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын шар түвшин руу шилжинэ гэсэн хүлээлттэй байгаа. Мөн жил гаруйн хугацаанд хэрэгжүүлсэн хэрэглээний зээлийн төлөлтийг хойшлуулсан шийдвэр, эрчим хүч, ус, дулаан, хогны төлбөрийг чөлөөлсөн засгийн газрын шийдвэр энэ сарын 31-ээр дуусгавар болно. Эдгээр болон бусад ямар арга хэмжээнүүд хэрэгжиж, ямар үйл явдлууд энэ 12-р сард өрнөх талаар мэдээлэл хүргэе.
Монгол ардын намын 30-р их хурал 12-р сарын 6-нд болох гэж байна. Энэ хурлаар Монгол ардын намын даргыг баталгаажуулах, намын дүрмийн өөрчлөлт, намын бага хурлын бүрэлдэхүүнийг сонгох, намын хяналтын ерөнхий хороо байгуулах асуудлыг хэлэлцэнэ гэж мэдээлжээ.
12-р сарын 13-нд ЕБС-ийн сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж, 12-р сарын 18-аас сурагчдын 1-р улирлын амралтыг эхлүүлэхээр болсон. Сурагчдын өвлийн амралт 45 хоногийн хугацаанд үргэлжилнэ.
““Ковид-19”-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал сунган баталсан. Ингэснээр Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр дахин хойшлуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэр 12-р сарын 31-нд дуусгавар болно.
Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 4-р сарын 1-ээс эхлэн халаалт, эрчим хүч, ус, хогны төлбөрийг тэглэж, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр иргэд, ААН-ийн төлбөрийг төлж байгаа. Энэ шийдвэр 12-р сарын 31-нд дуусгавар болно.
Нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон Нутгийн захиргааны байгууллагууд яармаг дахь “Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор” руу 12-р сарын 31-ээс өмнө нүүлгэнэ. “Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор” руу нүүхэд 500 сая төгрөг, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулахтай холбоотой хөрөнгө оруулалтын зардалд 1 тэрбум төгрөг зарцуулах төсвийг баталсан.
Цар тахлын эсрэг гол арга хэмжээ болох вакцины 3 дахь тунд хамрагдах явц хүн амын 50 хувьд хүрсэн тохиолдолд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын шар түвшин руу шилжүүлнэ гэдгээ засгийн газраас мэдэгдсэн. 12-р сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд хүн амын 21 буюу 674 мянга гаруй хүн нэмэлт тунд хамрагдаад байна. Харин нийслэлийн иргэдийн 33 хувь нь вакцины 3 дахь тундаа хамрагдаад байгаа бөгөөд энэ сард багтаан шар түвшин руу шилжинэ гэсэн хүлээлт байгаа юм. Тэгвэл улсын хэмжээнд өдөрт дунджаар 10-11 мянган хүн вакцины нэмэлт тунд хамрагдана гэж тооцвол вакцины хамралтыг 50 хувьд хүргэхийн тулд 32 хоног шаардлагатай.