Эцэг эхчүүд хүүхдүүдээ харах уу, ажлаа хийж амьжиргаагаа залгуулах уу гэдэг сонголттой тулгараад байна

Ханиад томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан энэ сарын 10-аас 2-р сарын 3-ны өдрийг дуустал цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоож, харин ЕБС-ийн хичээлийг 100 хувь цахимд шилжүүлэхээр урьдчилсан байдлаар төлөвлөөд байгаа. Зарим иргэдийн зүгээс энэ шийдвэрийг зөв гэж үзэж байгаа бол хүүхдүүдээ харах уу, ажлаа хийж амьжиргаагаа залгуулах уу гэдэг сонголттой тулгараад байгаа эцэг эхчүүд ч олон байна. 

12-р сарын 1-нд болсон засгийн газрын хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын амралтыг эхлүүлэх асуудлыг хэлэлцлээ. Урьдчилсан байдлаар ЕБС-ийн хичээлийг 12 дугаар сарын 13-аас 100 хувь цахим хэлбэрт шилжүүлсэн. Харин цэцэрлэгийн үйл ажиллагааг 2021 оны 12 дугаар сарын 10-наас хоёрдугаар сарын 3-ны өдрийг дуустал хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоохоор болжээ.

Цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр эцсийн байдлаар гарвал бага насны хүүхдүүдтэй, хүүхдийг нь харах хүнгүй эцэг эхчүүдэд хүүхдээ хаана үлдээх вэ гэх асуудал тулгамдаж байгааг хэлж байна. Энэ тохиолдолд арга буюу хүүхдээ хүүхдээр нь харуулж үлдээхээс өөр сонголт байдаггүй талаар хэлж байна. Хүүхэд хараа хяналтгүй үлдсэнээр хүүхдүүд цахилгаан хэрэгслээр оролдох, хэн нэгэнд хаалга тайлж өгөх, ахуйн хүрээний олон осол гэмтэлд өртдөг байна. Олон эрсдэлийн нэг бол хүүхдийн түлэгдэлт байдаг байна.

Цэцэрлэгийн үйл ажиллагаа хэсэг хугацаанд зогсох эсэх шийдвэр даваа гарагт гарна. Цэцэрлэгийн үйл ажиллагаа багахан хугацаанд зогссон ч хүүхдээ хаана хэнтэй үлдээх вэ, хэрхэн эрсдэлээс сэргийлэх вэ гээд олон асуулт эцэг эхчүүдэд тулгамдаж байна. Тиймээс хэрвээ цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргавал ямар нэгэн өөр зохицуулалт шаардлагатай гэж эцэг эхчүүд үзэж байна.