Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл өгсөн иргэний мэдээллийг хуулийн хүрээнд нууцлах эрх бий

Энэ он гарсаар гэр бүлийн хүчирхийллийн 1107 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ бол ердөө цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо. Тэгвэл үүний цаана гэр бүлийн хүчирхийллийн бүртгэгдээгүй гэмт хэрэг олон бий. Хаалттай хаалганы цаана үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийн талаар дуудлага өгвөл маргааш нь цагдаад дуудагдахаас авахуулаад тухайн гэр бүлийн хүмүүс дараа нь эргээд дуудлага өгсөн иргэнд асуудал үүсгэдэг тул иргэд хүчирхийллийн хажуугаар ихэнхдээ дуугүй өнгөрөхийг илүүд үздэг нь нууц биш. Тэгвэл иргэн гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл өгвөл хуулийн хүрээнд мэдээллийг нууцлах эрх цагдаагийн байгууллагад байдаг юм байна.

Цагдаагийн байгууллагад өдөрт дунджаар 150-200, жилд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн 50.000 гаруй дуудлага ирдэг байна. Энэ оны эхний 10 сарын байдлаар л гэхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна гэсэн 32 мянга гаруй гомдол мэдээллийг иргэд өгчээ. Хүчирхийлэлд өртөгсдийн 80 хувь нь эмэгтэйчүүд, хүүхдүүд бөгөөд дийлэнх нь бие махбод болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн гэх гомдол байдаг байна. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид нь ихэнхдээ хүчирхийлэл үйлдэгчээс шууд хараат байдаг тул хуулийн байгууллагад тэр болгон хандаж чаддаггүй, айдастай байдаг талаар ярьж байна. 

Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоож, дахин давтагдахаас сэргийлэх асуудал нь хүчирхийллийг эрт шатанд нь илрүүлэхтэй шууд холбоотой байдаг. Тиймээс хохирогч өөрөө гомдол гаргахаас гадна хуулиар зарим субъектүүдэд мэдээлэх үүргийг хүлээлгэсэн байдаг байна. 

Гэр бүлийн хүчирхийллийг ойр дотнын хүн нь үйлддэг учраас хүчирхийлэлд өртөгсөд шууд цагдаад хандаж чаддаггүй байна. Тиймээс ч далд хүчирхийллийг илрүүлэхэд мэдээлэл их хэрэг болдог тул хэн нэгэн гэр бүлийн хүчирхийллийн золиос болохоос урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд хөршийн тусламж дуудлага, мэдээлэл туйлын чухал байдаг байна. Хамгийн гол нь мэдээлэл өгсөн иргэнийг дараа нь хүнд байдалд оруулахгүйн тулд хуулийн хүрээнд мэдээллийг нууцлах эрх цагдаагийн байгууллагад байдаг гэж албаныхан хэлж байна.