Абэ Шинзо: Хятад улс Тайвань руу довтолсон тохиолдолд Япон, АНУ зүгээр ажиглаад суухгүй

“Хэрэв БНХАУ-ын засгийн газраас Тайванийн арлыг цэргийн хүчээр буулган авах оролдлого хийвэл Вашингтон болон Токиогийн эрх баригчид зүгээр ажиглаад суухгүй” хэмээн Японы ерөнхий сайд асан Абэ Шинзо мэдэгджээ. Тэрбээр “БНХАУ-ын эрх баригчид ардчилсан засаглалтай Тайванийн эсрэг өөрийн улсын бүрэн эрхт байдлыг албан хүчээр батлах гэж оролдож байгааг дэлхий даяар бэлхнээ харж байна” хэмээн мэдэгдэлдээ онцолсон байна. 

Тэгвэл 24 сая хүн амтай Тайванийн засаг захиргаа энх тайван байдлыг хүсэж байгаа гэдгээ илэрхийлсэн хэдий ч шаардлага гарвал өөрсдийгөө хамгаалах байлдааны зэр зэвсгийн нөөцөө бүрдүүлсэн гэж арлын батлан хамгаалах яамнаас мэдэгдээд байгаа юм. Тайванийн үндэсний бодлогын судалгааны хүрээлэнгээс зохион байгуулсан форумын үеэр Абэ Шинзо Сэнкакү арлыг яриандаа онцолжээ. Японы Сакишима болон Сэнкакү арлууд нь Тайваниас ердөө 100 орчим км зайд байдаг. Тиймээс Тайвань руу зэвсэгт халдлага хийх нь Японд мөн аюул учруулна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Тайванийн аюулгүй байдал нь Токио ба Вашингтоны аюулгүй байдалд мөн хамаатай. Үүнийг Бээжингийн ард иргэд, ялангуяа БНХАУ-ын дарга Ши Жиньпин зөвөөр ойлгох хэрэгтэй” гэсэн байна. Ерөнхий сайд асан Абэ Шинзо нь эрх баригч Либерал Ардчилсан намын хамгийн том бүлэглэлийн тэргүүн бөгөөд одоо ч намдаа нөлөөтэй хэвээр байгаа гэдгийг улс төр судлаачид мэдэгджээ.