Мьянмарт цэргийн эргэлт гарсны дараа тус улсын “Ардчиллын төлөөх үндэсний лиг” намын удирдагч Аун Сан Су Чи баривчлагдсан юм. Хэрэв шүүх түүний эсрэг үүсгэсэн бүх хэрэгт буруутай гэж үзвэл тэрээр нийтдээ 100 жилийн ял авч магадгүй байна.
Өнгөрсөн лхагва гарагт тус улсын цэргийн эрхтнүүд түүнийг дахин авилгын хэрэгт буруутгасан байна. Мөн энэ өдөр шүүх хурал болохоор товлогдсон ч ямар нэгэн тайлбар өгөлгүй 12-р сарын 6-ны өдөр хүртэл хойшлуулжээ. Цэргийн шүүхээс өдгөө 76 настай Аун Сан Су Чиг Мьянмарыг Их Британийн колони улс байсан он жилүүдэд батлагдсан албаны нууцыг задруулахгүй байх тухай хуулийг зөрчсөн хэмээн нийт 10 гаруй хэрэгт түүнийг буруутгаад байгаа юм. Түүний эсрэг нээсэн гэмт хэргүүдийн жагсаалтаас харвал дийлэнх нь авлигатай холбоотой хэргүүд байна. Тухайлбал, нисдэг тэрэг худалдаж авахад улсын хөрөнгө шамшигдуулсан, бизнес эрхлэгчдээс 600 мянган ам.долларын хахууль авч хуулийн заалтад өөрчлөлт оруулсан зэрэг хэрэгт буруутгажээ. Аун Сан Су Чи төрийн зөвлөхийн хувиар Мьянмарын иргэний засгийн газрыг удирдаж байсан юм. Мьянмарын цэргийн хунт энэ оны хоёрдугаар сарын 1-нд төрийн эрх мэдлийг булаан авч, сонгуульд ялсан ардчилсан удирдагч Аун Сан Су Чиг ийнхүү хориод байгаа юм.