Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад хөршийн тусламж, холбогдох байгууллагад хүргэх тэдний мэдээлэл, дуудлага туйлын чухал үүрэгтэй байдаг талаар цагдаагийн мэргэжилтнүүд хэлдэг. Харамсалтай нь хүчирхийллийн асуудлаар ийнхүү дуудлага өгсөн ч цагдаагийн зарим ажилтнуудын мэдрэмжгүй, хайнга хандлага хаалттай хаалганы цаана үйлдэгддэг хүчирхийллийн тоог бууруулахад сөргөөр нөлөөлсөөр байна.
Нэгэн иргэн хөрш айлынх нь хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байж болзошгүй талаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгчээ. Дуудлагын дагуу ирсэн цагдаа урьтаж тандалт хийлгүйгээр хүчирхийлэл гарсан байх магадлалтай айлд шууд орж “Бусдын амгалан тайван байдлыг яагаад алдагдуулаад байна” хэмээн шаардлага тавьсан болоод явжээ. Цагдаагийн ажилтны ийм хайнга хандлага гэр бүлийн хүчирхийллийг улам оодруулж, гэмгүй нэгэн золиос болсоор үлдэж байгаа жишээ цөөнгүй байна.
Цагдаагийн байгууллага иргэдийн дуудлага мэдээллийн дагуу шалгалт хийсний дараа ямар төрлийн зөрчил гэдгийг тогтоож ажилладаг байна. Мөн хэргийг хэрхэн шийдэгдсэнийг дуудлага өгсөн иргэнд эргэж мэдээлдэг журамтай юм байна.