Дэлхийн зах зээлд газрын тосны үнийн бууралт үргэлжилбэл нэгдүгээр сараас хойш татан авах шатахууны үнэ буурна

“Ковид-19”-ийн “омикрон” хувилбарын тархалтаас шалтгаалж дэлхийн зарим улс орон зорчих хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон. Үүнтэй холбоотойгоор 11-р сарын 26-аас нэг торх газрын тосны үнэ 10 гаруй хувиар буурч, 85 америк доллараас 71 америк доллар болсон бол өнөөдрийн байдлаар 74 америк доллар болоод байна. Дэлхийн зах зээл дээр үнэ нь буурахтай зэрэгцэн манай улсад шатахууны үнэ 100 болон 70 төгрөгөөр 2 удаа нэмэгдсэнд иргэд дургүйцэж байгаа юм. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн бууралт цаашид үргэлжилбэл манай улсын нэгдүгээр сараас хойш татан авах шатахууны үнэ буурна гэж албаныхан мэдээлж байна. 

Энэ оны 3-р сараас дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөн ч засгийн газраас 7 сар хүртэл АИ-92 шатахууны үнийг 1450 төгрөгд барьсаар ирсэн. Шатахуун импортлогчид цаашид үнийг барих боломжгүйг мэдээлж 300 төгрөгөөр 3 удаа нэмж байж дэлхийн зах зээлийн үнэтэй уялдах тооцооллыг гаргасан. Ингэснээр АИ-92 шатахууны үнийг 7-р сард 2 удаа 300 төгрөгөөр нийт 600 төгрөгөөр нэмсэн. 11-р сард 100 болон 70 төгрөгөөр 2 удаа нэмэгдсэн. Гэсэн ч АИ-92 автобензины өртөг 2403 төгрөг байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар шатахууныг 186 төгрөгөөр хямд буюу 2220 төгрөгөөр борлуулж байгааг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлж байна. Дэлхийн зах зээл дээр сүүлийн 2 долоо хоногт ажиглагдсан шатахууны үнийн бууралт цаашид үргэлжилбэл манай улсын нэгдүгээр сараас хойш татан авах шатахууны үнэ буурах юм байна. 

Манай улсад АИ-92 оос бусад төрлийн шатахуун зах зээлийн үнээр борлуулагдаж байгаа. Салбар яамнаас цаашид АИ-92 шатахууны үнэ дэлхийн зах зээлийн үнэтэй дүйцнэ гэсэн юм. Тэгвэл АНУ шатахууны үнийн өсөлтийг хязгаарлахын тулд стратегийн нөөцөөсөө 50 сая тонн газрын тосыг зах зээлд нийлүүлэх шийдвэр гаргасан. Япон, БНХАУ болон БНСУ-ын засгийн газар мөн стратегийн нөөцөө суллаж эхэлсэн байна. Дээрх шалтгаануудаас үзэхэд газрын тосны үнэ ирэх сард дахин буурах төлөвтэй байна гэж олон улсын шинжээчид мэдэгдээд байгаа юм.