Шатахууны үнийг дэлхийн зах зээлтэй уялдуулан нэмэх шаардлага үүссэн ч иргэдэд огцом дарамт мэдрэгдэхээр гурав гурван зуун төгрөгөөр нэмэх нь хэрэглээний барааны үнэ буюу инфляцийг нэмэгдүүлэх сөрөг нөлөөтэй хэмээн эдийн засагчид болон холбогдох мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Учир нь шатахуун инфляцид нөлөөлдөг голлох хэрэглээний нэг. Гэсэн ч манай улсад инфляц 10 р сарын байдлаар 9.7 хувьд хүрсэн нь сүүлийн 3 жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа үзүүлэлт юм байна.
10 сард инфляц улсын хэмжээнд 9.7, нийслэлд 10.4 хувь болж өссөн нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 4 дахин өссөн үзүүлэлт юм. Өсөлтөд мах, шатахуун, тээврийн үнэ зэрэг 3-4 төрлийн бараа үйлчилгээний үнэ голлон нөлөөлж байгааг Монголбанкнаас мэдээлсэн. Тухайлбал, тээврийн үнийн өсөлт нь хил боомтод гацсан чингэлгүүдийн асуудлаас шалтгаалж байгаа учраас төр засгаас нэн яаралтай зохицуулалт хийх шаардлагатайг зарим эдийн засагч хэлж байна.
Одоо үүсээд байгаа инфляцийн өсөлтийг төв банк мөнгөний бодлогын хүүг өсгөх замаар бууруулах боломжгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Төв банк ирэх онд инфляцийг 6-6.5 хувь байхаар тооцоолоод байгаа юм байна.