АНУ болон Европын холбооноос Беларусьд шинэ хориг арга хэмжээ авчээ

АНУ болон Европын холбооноос Беларусийн засгийн эрхийг он удаан жил барьж байгаа Александр Лукашенкод шахалт үзүүлэх зорилгоор тус улсын томоохон аж ахуйн нэгж болон хувь хүмүүст нэгдсэн хориг арга хэмжээ авч байгаа гэдгээ өнгөрөгч бямба гарагт тус холбооны дотоод хэргийн албаны комиссар Илва Йоханссон мэдэгджээ. Үүнтэй холбогдуулан АНУ-ын сангийн яамнаас Беларусийн 20 хувь хүн, 12 аж ахуйн нэгж компанид хориг арга хэмжээ авахаар болсон бөгөөд тус улсын гадаад өрийн хэлэлцээрт хязгаарлалт хийсэн байна.

Уг хориг арга хэмжээгээр, Александр Лукашенког Европын холбоо руу хууль бус цагаачлал зохион байгуулах үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаарджээ. Мөн түүнийг гэмгүй цагаачдыг улс төрийн эрх ашгийн төлөө ашигласан гэж Европын холбооноос буруутгаад байгаа юм. АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, "Авч хэрэгжүүлж байгаа ийм арга хэмжээ нь ардчилал, хүний ​​эрх, олон улсын хэм хэмжээнд тасралтгүй халдаж байгаагийн илрэл бөгөөд үүнийх нь хариуд Лукашенкогийн дэглэмд цаашид хариуцлага тооцсоор байх болно " хэмээн мэдэгдсэн байна. Өнгөрөгч сард Германы канцлерын үүрэг гүйцэтгэгч Ангела Меркель дүрвэгсдийн хямралыг хэлэлцэхээр Александр Лукашенкотой утсаар ярьсан юм. Меркель, Лукашенко нар "Беларусь болон ЕХ-ны хилийн бүс дэх хүнд нөхцөл байдлын талаар, ялангуяа тэнд байгаа дүрвэгсэд болон цагаачдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгааг ярилцсан байна. Гэсэн ч одоогийн байдлаар Беларусь-Польшийн хилийн шалган нэвтрүүлэх боомтод хэдэн зуун дүрвэгч цугларсан хэвээр байгаа юм.