Бельгийн амьтны хүрээлэнгийн хоёр усны үхрээс “ковид-19”-ийн халдвар илэрчээ

Бельгийн амьтны хүрээлэнд хоёр усны үхрийн “ковид-19”-ийн халдварын шинжилгээний хариу эерэг гарсан учраас бусад амьтдаас тусгаарлахад хүрчээ. “Aнтверпен” амьтны хүрээлэнгийн ажилтны мэдээлснээр, 14 настай Имани, 41 настай Хермейн нэртэй усны үхрүүд хэрхэн халдвар авсан нь тодорхойгүй байгаа бөгөөд тэдэнд нус гоожихоос өөр шинж тэмдэг одоогоор илрээгүй байна.

Усны үхрүүдийн шинжилгээний хариуг сөрөг гарах хүртэл амьтны хүрээлэнд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгахаар болжээ. Дэлхийн хэмжээнд урьд нь амьтад “ковид-19”-ийн халдвараар өвдсөн хэд хэдэн тохиолдол бүртгэгдэж байсан юм. Тэгвэл усны үхрүүдийн хамар ихэвчлэн чийглэг байдаг ч нус гоожиж байгаа нь илүү тод ажиглагдсан тул тус амьтны хүрээлэнгийн эмч нар шинжилгээ авахад дээрх халдвар илэрчээ. Иймээс усны үхрүүдийн хашааг битүүмжилсэн байна. Харин амьтан сургагчдынх нь хувьд шинжилгээний хариу нь сөрөг гарсан байна. Тэд амьтадтай харьцахаасаа өмнө амны хаалт, хамгаалалтын шил зүүж, гутлаа ариутгадаг байжээ. “Ийм төрөл зүйлийн амьтдын дунд халдвар илэрсэн анхны тохиолдол энэ болж байна. Өмнө нь бусад улс орнуудад голчлон сармагчин, муурнууд “ковид-19”-ийн халдвараар өвдсөн тохиолдол бүртгэгдэж байсан” гэж амьтны хүрээлэнгийн эмч Фрэнсис мэдэгдсэн байна. Мөн өнгөрсөн долоо хоногийн эхээр Канад улсад зэрлэг бугануудаас “ковид-19”-ийн халдварын гурван тохиолдол илэрсэн нь тус улсад зэрлэг амьтдаас халдвар илэрсэн анхны тохиолдол болсон юм. Гэхдээ ийм шинжилгээг хязгаарлагдмал хүрээнд хийсэн тул вирус зэрлэг байгальд хэрхэн тархсаныг тодорхойлох боломжгүй гэж шинжээчид мэдэгдсэн байна.