2022 оны 1-р сараас иргэд, ААН-үүд хэрэглээний төлбөрөө төлж эхэлнэ

Ирэх оны 1-р сарын 1-ээс манай улсын эдийн засагт, иргэдийн амьдралд зарим нэг өөрчлөлт оруулах хууль тогтоомж, шийдвэрүүд хэрэгжиж эхэлнэ. Төрөөс 2021 оны 12-р сарын 31-ийг дуустал хөнгөлсөн халаалт, дулаан, ус, хогны төлбөрийн чөлөөлөлт дуусгавар болж, ирэх сараас иргэд, аж ахуйн нэгжүүд хэрэглээний төлбөрөө төлж эхэлнэ. Мөн ирэх 7-р сарын 1 хүртэлх хугацаанд хүүхдийн 100 мянган төгрөгийн тэтгэмжийг шууд олгох эсвэл хуримтлуулах сонголт бий болгоно. Харин 7-р сарын 1-ээс хойш хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 50 мянган төгрөгийг албан журмаар шууд хуримтлал руу шилжүүлж байх тогтолцоо руу шилжинэ. 

Айлчлан ирж байгаа 2022 онд МСҮТ-ийн тэтгэлэг болон хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой тодорхой өөрчлөлт орж байгаа. Учир нь Монгол улсын 2022 оны төсвийн тухай хуулиар, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг ирээдүйн өв сантай уялдуулж, хүүхдийн 100 мянган төгрөгийн тодорхой хувийг үе шаттайгаар хуримтлуулах тогтолцоог нэвтрүүлнэ. Ингэхдээ хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч хэрвээ хүсвэл төрийн сан дахь хүүхдийн хуримтлалын дансанд сар бүр төвлөрөх мөнгөн хадгаламжийн тодорхой хувийг бэлнээр авах боломж олгоно. Тухайлбал, 2022 оны 1-р сарын 1-ээс 7-р сарын 1-ийг хүртэл хугацаанд хүсвэл сар бүрийн хуримтлалаа 100 хувь, 7-р сарын 1-ний өдрөөс 2022 оныг дуустал хугацаанд 50 хувь бэлнээр авах эрхтэй байна.

Зээлийн батлан даалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 9.1.3-т зааснаар “Банк санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа иргэн, хуулийн этгээдийн урьдчилгаа, барьцаа хөрөнгийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах”-аар хуульчилсан. Ингэснээр 2022 оны 1-р сараас орон сууцны ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгаа төлбөрөөс 18 хүртэлх хувийг зээлийн батлан даалтын сан батлан даана. Өөрөөр хэлбэл зээл хүсэгчид банкны шаардлагыг хангаад, орон сууцны урьдчилгаа төлбөрийг зохих хэмжээнд бэлдсэн тохиолдолд банкнаас зээлийн батлан даалтын сан руу холбогдох мэдээллийг илгээх юм байна.

Тэгвэл “Ковид-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн хүрээнд орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр дахин хойшлуулахаар шийдвэрлэсэн. Гэхдээ энэ шийдвэр 12-р сарын 31-нд дуусгавар болж байгаа учраас иргэд орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 2022 оны 1-р сарын 1-ээс төлж эхэлнэ. Мөн халаалт, дулаан, ус, хогны төлбөрийн чөлөөлөлт дуусгавар болж байгаа учраас иргэд 2022 оны 1-р сараас эхлэн хэрэглээний төлбөрөө төлнө.

2022 оны 1-р сарын 1-ээс хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүрд хамааралтай чухал хууль хэрэгжиж эхэлнэ. Шинэчлэн найруулсан хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд, байгууллагад дагалдангаар ажиллаж байгаа хүнийг үндсэн цалингийн 70 ба түүнээс дээш хувиар цалинжуулна.

Ажлын байрны бэлгийн дарамтын асуудлыг эцэслэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан бөгөөд хүчирхийллийг хориглохтой холбоотой заалтыг зөрчсөн тохиолдолд зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно. Мөн ажлын байрны дарамт, хүчирхийлэлтэй холбоотой гарсан гомдлыг шийдвэрлэх тухай журмыг байгууллага дотооддоо заавал батлахыг хуульчилжээ.