Монгол улсын засгийн газар, УОК-ын хуралдаанаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг Улаанбаатар хотод энэ баасан гарагийг дуустал, орон нутагт 17-ны өдрийг дуустал хичээллүүлээд үйл ажиллагааг нь түр зогсоохоор шийдвэрлэсэнд хүүхдээ харах боломжгүй эцэг эхчүүд бухимдалтай байгаа юм. Тэгвэл эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гэр бүлийн орчинд харах боломжгүй хүүхдийг цэцэрлэгт нь үргэлжлүүлэн сургах боломжоор хангана гэж БШУЯ-аас мэдэгдлээ. Үүнтэй холбогдуулан зарим тоон мэдээллийг хүргэе.
- Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1453 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.
- Тэдгээрээс 972 нь улсын, 481 нь хувийн цэцэрлэг байна.
- Хувийн болоод улсын цэцэрлэгүүдэд нийтдээ 240 мянга гаруй хүүхэд хамрагдаж байна.
- Өнөөдрийн байдлаар "ковид-19" цар тахлаас үүдэн цэцэрлэгийн нэг ангид дунджаар 15 хүүхэд хамрагдаж байна.
Цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа зогсохоор эцэг эх, асран халамжлагч нь гэрээр харах боломжгүй зэрэг зайлшгүй шалтгаантай зарим хүүхдийг цэцэрлэгт холимог бүлгээр үргэлжлүүлэн хүлээн авахаар болжээ.
9-р сарын 1 буюу хичээлийн шинэ жил эхлэхэд манай улсын 0-17 настай хүүхдүүдийн дундах "ковид-19"-ийн өвчлөл 19,7 хувьтай байсан бол өнөөдрийн байдлаар энэ тоо 21,5 хувь болж өсжээ. Мөн хүйтний улирал эхэлж томуу томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж байгаа учраас цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох шийдвэрийг УОК, ЗГ-аас гаргажээ. Түүнчлэн манай улсын 2-11 настай хүүхдүүд "ковид-19"-ийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй энэ үед "ковид-19"-ийн омикрон хувилбар илэрвэл хүүхдүүд өвчлөх эрсдэлтэй гэж БШУЯ-аас үзэж байгаа юм байна.
Тэгвэл цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогссоноор бага насны хүүхдүүдээ харах хүнгүй эцэг эхчүүд ялангуяа залуу гэр бүлүүдэд хүүхдээ хэнээр харуулах вэ гэсэн асуулт гарч ирж байна.
Тиймээс хөгжих хэвийн орчин нь хязгаарлагдсан, эцэг эх, асран халамжлагч нь харах боломжгүй хүүхдүүдийг үргэлжлүүлэн цэцэрлэгт авах зохицуулалт хийнэ гэлээ. Эцэг, эхчүүд үргэлжлүүлэн суралцуулах хүсэлтээ хүүхдийнхээ суралцаж буй цэцэрлэгт гаргаснаар бүлэг зохион байгуулалтыг хийнэ. Мөн цэцэрлэгүүдийг төр эсвэл хувийн хэвшлээр ялгахгүй бөгөөд өмчийн хэлбэр үл харгалзан 4, 5 настнууд цэцэрлэгтээ суралцах боломжтой юм байна
Цэцэрлэгийн үйл ажиллагаа түр зогсох хугацаанд цахим болон теле хичээл явагдахгүй хүүхдүүд бүрэн амарна. Харин багш нар өдрийн найман цагаар ажиллан энэ хичээлийн жилийн үнэлгээ хийх, 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс ямар хөтөлбөрөөр хичээллэх зэргээ тодорхойлон ажиллана гэлээ.