2020 он гарсаар манай улсад импортоор орж ирдэг барилгын материалын үнэ 90 хүртэл хувиар, харин дотоодод үйлдвэрлэгддэг барилгын материалын үнэ 4 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байна. Барилгын материалын үнэ ийнхүү хурдан хугацаанд огцом өссөн нь хэд хэдэн хүчин зүйлсээс, тухайлбал цар тахлын улмаас гадаад зах зээл дээр өссөн төмрийн хүдрийн үнийн өсөлт мөн хил гаалийн гацаа, тээвэр ложистикын асуудлаас болсон гэж үзэж байна. Цаашдаа барилгын материалын үнийн өсөлтөөс сэргийлэхийн тулд дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь чухал байгааг мэргэжилтэн онцолж байна.
Манай улс барилгын материалын нийт хэрэгцээнийхээ 30 гаруй хувийг дотооддоо үйлдвэрлэдэг бол 60 гаруй хувийг импортоор авдаг байна. Тэгвэл сүүлийн 2 жилд импортоор орж ирдэг барилгын материалын үнэ огцом нэмэгдсэн. Өмнө жил 1,7 сая төгрөгөөр худалдаалагдаг байсан 1 тонн арматур төмөр өнөөдөр 3 орчим сая төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна. Импортоор орж ирж буй барилгын материал дээр өөр бусад зардлуудыг нэмж хэрэглэгчдэд хүргэдэг бөгөөд барилгын материалын үнэ ийнхүү өссөнөөр иргэдийн нуруун дээрх ачааг улам нэмж байна гэлээ.
Импортоор орж ирдэг зарим барилгын материалын үнийн өсөлтийг жишээ татвал арматур болон төмөр хийцийн үнэ 81 хувиар, дулаалгын материалын үнэ 92 хувиар өссөн бол, тоосгоны үнэ 52 хувь, мод, модон материалын үнэ 70 хувь мөн тус тус өсөөд байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад 400 гаруй барилгын материал үйлдвэрлэдэг ААН-үүд цемент, арматур, хавтгай шилийг үйлдвэрлэж байгаа. Цаашдаа барилгын материалын үнэ өсөхөөс сэргийлэхийн тулд дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь чухал байгаа юм.
Түүнчлэн дурдсан барилгын материалуудын үнэ өссөн нь орон сууцны үнэ өмнөх жилийн мөн үеэс 35.4 хувиар өсөхөд голлох нөлөөг үзүүлсэн байна.