АНУ-ын засаг захиргаа Бээжингийн өвлийн олимпын наадмын эсрэг дипломат аргаар хориг тавина 

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа 2022 онд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдах өвлийн олимпын наадамд дипломат аргаар эсэргүүцэл илэрхийлж, засгийн газрын төлөөлөгчдөө оролцуулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Ингэснээр АНУ тус наадамд албаны төлөөлөгчдөө илгээхгүй, зөвхөн тамирчдаа оролцуулахаар болж байгаа юм байна.

БНХАУ-ын эрх баригчид хүний эрхийг зөрчсөн үйлдэл удаа дараа гаргаж байгаа нь ийм арга хэмжээ авахад хүргэсэн гэдгийг АНУ-ын цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Саки өчигдөр мэдэгдсэн байна. “Уг наадамд АНУ дипломат болон албаны төлөөлөгчдөө илгээх нь Шинжаан уйгарын өөртөө засах оронд хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа БНХАУ-ын бодлого, үйл ажиллагааг дэмжсэн хэрэг болно” гэж Саки нэмж тайлбарлажээ. АНУ-ын төрийн эрхийг барьж байгаа Ардчилсан нам болон сөрөг хүчний Бүгд найрамдах намын сенатууд хүртэл өвлийн олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэх ерөнхийлөгч Жо Байдены саналыг эерэгээр хүлээн авч санал нэгтэйгээр дэмжсэн байна. АНУ өмнө нь 1980 оны Москвагийн зуны олимпын наадмын эсрэг бүрэн хориг зарлаж, тамирчдаа ч оролцуулаагүй юм. Олимпын наадамд дэлхийн улс орнууд засгийн газрын төлөөлөгчдөө илгээдэг уламжлалын дагуу энэ зун болж өнгөрсөн Токио 2020 зуны олимпын наадамд тэргүүн хатагтай Жилл Байден тэргүүтэй АНУ-ын төлөөлөгчид тус наадамд оролцсон юм.