Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч Аун Сан Су Чид дөрвөн жилийн хорих ял оноожээ

Мьянмарын төрийн эрхийг гартаа авсан цэргийн хүчнийхэн тус улсын төрийн зөвлөх асан Аун Сан Су Чид ард иргэдийг хагалан бутаргах оролдлого хийсэн, “ковид-19”-ийн халдвараас сэргийлэх журмыг зөрчсөн гэх үндэслэлээр 4 жилийн хорих ял оноосон байна. Энэ тухай “ройтерс” агентлаг Мьянмарын цэргийн хүчний албан ёсны төлөөлөгчийн мэдэгдлээс эш татан мэдээлжээ. 

Төлөөлөгчийн мэдээлснээр, Аун Сан Су Чид дээрх хоёр зүйл анги тус бүрээр хоёр жил, нийтдээ 4 жилийн хорих ял оноосон байна. Өдгөө 76 настай Аун Сан Су Чи төрийн зөвлөхийн хувиар Мьянмарын иргэний засгийн газрыг удирдаж байсан юм. Мьянмарын цэргийн хунт энэ оны хоёрдугаар сарын 1-нд төрийн эрх мэдлийг булаан авч, сонгуульд ялсан ардчилсан удирдагч Аун Сан Су Чиг хориод байсан юм. Мьянмарын цэргийн шүүхээс түүнд импорт, экспортын хууль, байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах тухай хууль зэрэг хэд хэдэн хууль зөрчсөн гэж, мөн авлигын хэрэгт түүнийг буруутгасан хэдий ч зөвхөн 2 зүйл ангиар яллах дүгнэлт гаргасан нь энэ юм.