Зохиогчийн эрхийн зөрчил цахим орчинд хамгийн их үйлдэгддэг байна

Цахим орчинд  зохиогчийнх нь зөвшөөрөлгүйгээр кино, дуу, бусдын ном зэрэг оюуны бүтээлийг дур мэдэн түгээх нь ихэсчээ. Үүнээс шалтгаалан олон уран бүтээлч хохирч байгаа ч нөгөө талд хариуцлага хүлээлгэх хууль эрхзүйн орчин манай улсад байдаггүй байна. Тиймээс уран бүтээлч нар фэйсбүүк буюу мета, ютүб зэрэг компанид хандан уран бүтээлээ баталгаажуулах нь хамгийн чухал гэдгийг Оюуны өмчийн газраас хэлж байна.

2019 онд манай улсад оюуны өмчийн 140 гомдол мэдээлэл бүртгэгдсэн бол 2020 онд 120 оюуны өмчийн гомдол мэдээлэл бүртгэгджээ. Харин энэ оны 12 сарын байдлаар оюуны өмчийн 100 гаруй гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс 15 орчим хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Фэйсбүүк ютүб зэрэг цахим сүлжээнд зохиогчийн эрхийн зөрчилтэй контент байршсан тохиолдолд мэдэгдэл явуулдаг. Мэдэгдлийн дагуу цаад талаас хаах, хасах арга хэмжээ авдаг. Гэсэн ч манай улсад цахим  орчинд зохиогчийн эрхийн зөрчилтэй контентыг илрүүлэн устгахад  оюуны өмч, зохиогчийн эрхэд халдсан хүн хэн бэ гэдгийг тогтооход бэрх байдаг гэлээ.

Цахим орчин дахь оюуны өмчийн хулгай нь Монголын бус олон улсын хэмжээнд асуудал болж байна гэдгийг онцоллоо. 

Бусад улсын жишгээс харахад оюуны өмчийг хамгаалах хамгийн сайн арга нь энэ төрлийн хууль тогтоомжийг олон нийтэд хүргэх байдаг гэнэ. Мөн энэ төрлийн зөрчлийг илрүүлсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулиар шийддэг байна.