НҮБ-аас манай улсад томилолтоор ажилласан хүний эрхийн шинжээч Монголын охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийснээ урьдчилсан байдлаар танилцууллаа. Монгол улс гэр бүлийн хүчирхийллээс гадна ажлын байр, эмнэлэг эрүүл мэндийн байгууллага зэрэг нийгмийн орчинд үйлдэгдэж байгаа хүчирхийлэлд анхаарал хандуулж, хүчирхийллийн эсрэг хуулийн хэрэгжилтийг сайжруулахад түлхүү ажиллах шаардлагатай байгааг зөвлөсөн байна.
Монгол улсад гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэл, жендерт суурилсан буюу охид эмэгтэйчүүдийн хүчирхийлэл хамгийн түгээмэл байна. Ажлын байрны бэлгийн дарамт, эмнэлгийн орчинд эмч үйлчлүүлэгчдийн хоорондын харилцаанд ч хүчирхийлэл үйлдэгдэж байгааг шинжээч мэдээллээ. Эхчүүд төрөх үед түүний зөвшөөрөлгүй өөр хагалгаа, мэс засал хийх, эмэгтэйчүүдийг үзэж эмчлэхдээ хэл амаар доромжлох зэрэг нь эмэгтэйчүүдийн эсрэг том зөрчил. Гэвч үүнийг зохицуулах механизм одоогоор байхгүй. Тиймээс эрүүл мэндийн салбар дахь үйлчилгээг хүний эрх, хүчирхийлэлтэй холбон цогцоор авч үзэн шийдэх учиртай гэдгийг зөвлөж байв.
Монгол улс өнгөрсөн 10 жилд гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймаа, жендерийн эрх тэгш байдал, хохирогч, гэрчийг хамгаалахтай холбоотой олон хууль баталсан. Харин одоо эдгээр хуулийг орон даяар үр дүнтэй хэрэгжүүлж баталгаажуулах шаардлагатай байна гэдгийг онцолсон юм. Ялангуяа хөдөө орон нутагт үйлчилгээг сайжруулж, хүртээмжтэй болгох, цаг болсныг хэллээ.
Дүн шинжилгээнд дурдсан өөр нэг чухал асуудал нь архидалттай тэмцэх зайлшгүй шаардлага. Учир нь хүчирхийллийн хэргийн ихэнх хувь нь архидан согтуурсан үед үйлдэгдэж байна.